MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Шуудангийн анхны маркийн тухай

2020.12.22

Шуудангийн тухай хуулиас…. 25 дугаар зүйл: Шуудангийн илгээмж дээр “Монгол” гэсэн тодотгосон үгтэй шуудангийн марк наасан байна. Шуудангийн марк нь Монгол Улсын тусгаар тогтнолыг илэрхийлсэн, шуудангийн илгээмжийн төлбөр төлөгдсөнийг баталгаажуулсан, үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн төрөл. Аливаа салбар, салбарынхаа үүсэл хөгжлийн ойг тэмдэглэхдээ түүний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг бичиж үлдээхийг эрхэмлэдэг бөгөөд энэ нь тухайн салбарын түүх болдог. Түүх бол өнгөрсөн замын дурсамж бөгөөд ирээдүйн хөгжлийн чиглүүр болдог билээ. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбогдуулан шуудангийн төлбөрийн хэрэгсэл болох маркийн талаар товч өгүүлсүй. Шуудангийн марк гэж шуудангийн мөнгө төлсний баримт болгон захидал бичиг зэрэгт наах, мөнгө төгрөгийн тоо бүхий зурагт цаас юм. Шуудангийн маркийг улс, үндэсний шуудан харилцааны байгууллага гаргадаг. Дэлхийн анхны шуудангийн марк 1840 онд Английн хатан хаан Викториагийн хөрөг зурагтай гаргажээ. Монголын шуудан холбоо олон зуун жилийн түүхийг туулсан хэдий ч Ардын хувьсгал ялах хүртэл буюу анхы марк гарах хүртэл шуудангийн маркгүй байсан. Жанжин Д.Сүхбаатарын зөвлөсний дагуу Ардын Засгийн газрын Цахилгаан мэдээ, шуудан бичгийн ерөнхий хорооны эрхэлсэн түшмэл Мандалын Бат-Очирын санаачлагаар зураг төслийг боловсруулж, Гадаад явдлын яамаар дамжуулан Ардын Засгийн газраар батлуулахаар хүргүүлсэн байна. Олноо өргөгдсөний 13 дугаар он буюу 1923 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дүгээр хурлын бичгийн 1 дүгээр зүйлд “ Гадаад явдлын яамны Цахилгаан мэдээ, шуудан бичгийн хэргийг ерөнхийлөн шийтгэх түшмэл М.Бат- Очироос аливаа шуудангаар дамжуулан явуулах бичиг захидал дор хэрэглэх маркийн маяг долоог үйлдүүлж ирсэн, тус маркийг ийнхүү үйлдэж болох эсэх, чухам хаана үйлдвээс хэрэг дав дув санхүү дор арвитай болохыг тогтоон заахыг хүссэн тухайд Засгийн газраас хянаж ирүүл гэж зохих газар явуулан тушаажээ. Эдүгээ хянан байцаах Сангийн явдлын яамнаас маркийн доллар, цент хэмээх үсгийг гадаад улс хэрэглэж байхыг журамлан хэвээр бичих буюу эс бөгөөс Монголоор орчуулан төгрөг хэмээн бичих, бас ч хэвлүүлэх дор чадах хүнийг нэмэн хавсаргаж, тус хэвлэлийн хорооны чулуун хэвээр үйлдүүлэх нь зүйтэй хэмээх зэргээр саналыг шийтгэн ирсэн учир энэхүү маркийг үсэг ба маягтыг ямар ямараар үйлдүүлэхийг эрхлэх газраас тогтоовоос гагцхүү маркийг нарийн нягт үйлдүүлэхгүйгээр үл болох тул харъяат ерөнхий хорооны төлөвлөсөн есоор хэвлүүлэх тухай зарцуулах нэг мянга найман зуун алтан төгрөг дор тооцох үнийн мөнгө нэг мянга хоер зуун жаран ланг мөнхүү хорооны төлөвлөсөн данснаа нэмэн батлуулах дор татгалзах зүйлгүй хэмээн, уг бичиг хуудас нижгээд маркийн эх долоогийн хамтаар хүргүүлэн ирснийг хэлэлцээд энэ хэрэг дор харъяат хянан байцаах хэлтсийн заан төлөвлөсөн нь зүйтэй тул есоор болгон баталж, Гадаад явдлын яамнаас эрхлэн гүйцэтгэхээр тогтов” гэжээ. (УТА, Ардын Засгийн газрын хурлын тогтоолын хуулга) Энэхүү тогтоосон есоор “Очир” буюу төвдөөр Нацагдорж, монголоор “Мөнхбат” гэсэн утга санааг илэрхийлэх, Элдэв- очир дүрс бүхий Монголын шуудангийн анхны цуврал маркийг хэвлүүлэн гаргаснаа Гадаад явдлын яамнаа 565 тоот бичиг бүхий хуудас бичиг дагалдуулан Ардын Засгийн газарт хүргүүлжээ. Анхны маркийн зургийг “Марзан” хэмээх Б.Шарав зуржээ.

Анхны марк “ Элдэв- Очир”

Ардын Засгийн газар уг бичгийг хүлээн аваад, худалдаалах зэргээр гүйцэтгэвэл зохихыг Гадаад явдлын яаманд 1924 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 665 тоот бичгээр мэдэгдэж явуулснаар, Монгол Улсын шуудангийн анхны маркийг нийтийн хэрэгцээнд гаргаж, шуудангаар явах албан бичиг захидалд төлбөрийн хэрэгсэл болгон нааж, өөрийн орны дотор болон гадаад улс орнуудад ашигласан байна.

Тухайн үед Монголыг бие даасан тусгаар тогтносон, үндэсний мөнгөн тэмдэгтэй, өөрийн гэсэн шуудангийн марктай улс болохыг хүлээн зөвшөөрөх орон ховор байсан бөгөөд энэ цаг үед шуудангийн марк гарсан нь тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэдгээ баталсан чухал үйл явдал болсон гэж үздэг.

Монгол Улсыг гадуурхах бодлого явуулж байсан Хятадын гоминданы Засгийн газар монголын шуудангийн маркийг үл хүлээн зөвшөөрч, хүчин төгөлдөр бус хэмээн үзэж, манай улсаас хятадад очсон захидал, боодлын маркийн дээр өөрийн улсын маркийг нааж, хүлээн авагчаас захидлын бүх үнийг гаргуулан авдаг байжээ. Нэг хэсэгтээ хүлээн авагчийг давхар үнэ төлөх явдлаас чөлөөлөхийн тулд монголын шуудангийн маркийн хамт оросын шуудангийн маркийг наадаг байсан байна.

Монголын анхны маркийн тухай Бямбын Ренчин гуай 1958 онд “Монголчуудын шуудан,шуудангийн тэмдгийн учир” гэсэн өгүүлэлдээ: “ 1924 онд

Ардын Засгийн газраас олон улсын одоогийн жишгээр наадаг тэмдэг анх хэрэглэж, долоон төрлийн шуудангийн наах тэмдэг Шанхайд захиж хэвлүүлсэн билээ. Тэгэхэд Улаанбаатар хотын хэвлэх үйлдвэр өнгөтэй будагтай хэвлэлгүй байсан учир ийнхүү Шанхайд захижээ. Тэр үед Европ хэл бичиг мэдэх хүн ховор учраас “почтовая марка” гэснийг монгол болгож чадаагүй, “почит марка” гэж монгол үсгээр ойртуулсхийн бичээд монгол төгрөг мөнгө гараагүй учир “доллар, цент” гэж төгрөг мөнгөний оронд бичсэн билээ. 1924 онд анхны шуудангийн тэмдэгт Элдэв-Очир гэсэн очиртой зурсан нь “бат” гэсэн санаа бөгөөд Энэтхэгээс гаралтай үг ба очир гэдэг тэмдэг нь цахилгаан гэснийг дүрсэлсэн тул монгол цахилгаан шуудангийн анхны билэг тэмдэг нь байжээ. Одоо ч гэсэн гадаад улсын цахилгаан шууданд цахилгааны дүрсээр холбоочны тэмдэг хийдэг ѐс буй тул монголчуудын олон жил мэддэг, хэрэглэдэг “очир” тэмдгийг хэрэглэсэн нь сонин бөгөөд хойшдоо холбооны тэмдэг болгож, тэр Элдэв-Очир гэдэг цахилгаан мэт хурдан, алдагдашгүй бат хүргэдэг гэсэн сонин сайхан тэмдэг юмсанжээ” гэжээ.

Анхны марк

Эх сурвалж: Н.Төмөрхүү, Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон номноос

Боловсруулсан: ХХМТГ-ын Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Бусад мэдээ

ИЦББХ: Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

ҮЙЛ ЯВДАЛ ИЦББХ: Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв 2022.01.29 Улсын Их Хурлын Инновац, цахим