Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хийлээ

2021.11.23

Улсын Их Хурлын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.11.23) хамтарсан хуралдаан 10 цаг 22 минутад 51.7 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хурлын эхэнд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулав. Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны арван нэгдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас болон гишүүдээс санал гаргаагүй гэдгийг тэрбээр танилцуулгадаа дурдав. Төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна. Ажлын хэсгийн танилцуулга болон төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Төрийн болон албаны нууцын тухай хуулийг өөрчлөх шаардлагын талаар хэлж, үүнтэй холбогдуулан асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Төсөл дээр 67 төрлийн мэдээллийг нээлттэй хэмээн хуульчилж байгаа гэдгийг Н.Учрал гишүүн онцлон тайлбарлаж өгөв. Ийнхүү төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж дууссан бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Дараа нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулсан.

Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны арван нэгдүгээр 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг  явуулах үед хуралдаан даргалагчаас болон Улсын Их Хурлын гишүүдээс Улсын Их Хурлын гишүүнийг хуралдааны ирцэд бүртгүүлэх, санал хураалт явуулахад гарын хурууны хээгээр хязгаарлахгүй байх санал гаргасан тул биометрик мэдээллийг ашиглах талаар, хүний хувийн мэдээллийг задруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, ялын бодлогыг ялгамжтай оногдуулах зорилгоор хувь хүний нууцыг задруулсан, түүнчлэн харилцаа холбоо, цахим сүлжээг ашигласан бол зургаан сараас таван жил хүртэл хорих ялаар оногдуулдаг байх саналыг тус тус боловсруулсан гэв. Түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн эзний хүсэлтийн дагуу мэдээллийн хуулбарыг цахим хэлбэрээр үнэ төлбөргүй өгөхөөр тусгасан байна.

Төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна.

Ажлын хэсгийн танилцуулга болон төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Б.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Т.Доржханд нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон бүрэлдэхүүнээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хийсэн юм.

Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг  2021 оны арван нэгдүгээр сарын 22-ны өдөр хуралджээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үед дэмжигдсэн саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцээд дараах саналуудыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар шийдвэрлүүлэхээр танилцуулсан. Үүнд, төслийн 23 дугаар зүйлийн “23.3” дахь хэсгийг 5 дугаар зүйлд шилжүүлэн “5.3” дахь хэсэг болгох саналыг нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үед хуралдаан даргалагчаас Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар дахин хэлэлцэхийг  чиглэл өгсөн юм. Мөн Цахим гарын үсгийн тухай хуулийг 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр өөрчилж, Нийтийн мэдээллийн тухай болон Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн дагаж мөрдөх хугацаатай уялдуулах нь зүйтэй хэмээн үзжээ.

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн нэр болон холбогдох зүйл, хэсэг, заалтын дугаарт өөрчлөлт орсонтой холбогдуулан Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийн 2.1 дэх хэсэг, 4.1.9, 10.2.2, 13.2.1, 15.3.3 дахь заалтад эшилсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн нэр болон холбогдох зүйл, хэсэг, заалтыг нийцүүлэн өөрчлөх болон Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд хөндөгдсөн асуудал болох Иргэний хуулийн 421 дүгээр зүйл, 43 дугаар зүйлд цахим хэлбэрээр хэлцэл хийхэд “тоон гарын үсэг”-ийг хүлээн зөвшөөрөх асуудлыг “цахим гарын үсэг” болгож байгаатай холбогдуулан Иргэний хуулийн 196 дугаар зүйлд тусгагдсан цахим хэлбэрээр гэрээ хийхэд “тоон гарын үсэг”-ийг хүлээн зөвшөөрөх асуудлыг мөн адил “цахим гарын үсэг” болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэж, холбогдох саналын томьёоллуудыг боловсуурлсан байна.

Ажлын хэсгийн танилцуулга болон төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын дөрвөн томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Эцэст нь энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусад мэдээ

БНХАУ-тай хил дамнасан цахим худалдааны чиглэлээр хамтран ажиллана

Дэлхийн Шуудан Холбооны Ази, Номхон далайн бүс нутгийн стратегийн форум манай улсад 2024.09.25, 26-ны өдрүүдэд үргэлжилж байна. Форумын хүрээнд БНХАУ-ын “Төрийн шуудангийн товчоо”, “Монгол Шуудан” ХК хооронд хил дамнасан цахим худалдааны чиглэлээр хамтран ажиллах гэрээг байгуулсан. Форумын үеэр ЦХИХХ-ны сайдын зөвлөх Ц.Жадамбаа болон яамны холбогдох албаны төлөөлөл БНХАУ-ын “Төрийн шуудангийн товчоо”-ны орлогч дарга ноён Лю Жүн, тус товчооны Гадаад харилцааны газрын Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх ноён Ху Чансонг, Бодлого, хууль эрх зүйн газрын орлогч дарга хатагтай Сюй Хуаронг, ӨМӨЗО-ны Шуудангийн ерөнхий газрын дарга ноён Ван Ин нартай уулзлаа. Уулзалтаар ЦХИХХ-ны сайдын зөвлөх Ц.Жадамбаа: Монгол Улс, БНХАУ-ын хооронд цахим худалдаа өргөжиж, хил дамнасан цахим худалдааны илгээмж сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж буйтай холбоотойгоор хил дамнасан цахим худалдааны шуудан, илгээмжийг Эрээн боомтоор дамжуулан шуудангийн албан ёсны сүлжээгээр нэвтрүүлэх, Монгол Улсаас БНХАУ руу экспортолж буй шуудан, илгээмжийг газраар экспортлох боломжийг нээх, шуудангийн салбарт үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл бүхий бусад шуудангийн компаниуд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Барилга хот байгуулалтын сайд нарын хамтарсан тушаалаар “Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хууль”-ийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Энэхүү хуулийн төсөл нь орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, хяналт тавих, хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой бөгөөд өнөөдөр (2023.12.08) тус хуулийн төслийн хэлэлцүүлгийг харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд зохион байгууллаа. Монгол Улсад орон зайн өгөгдлийн санг бүрдүүлэх, ашиглах асуудлыг зохицуулсан хүчин төгөлдөр үйлчилж буй 13 хуульд давхардсан тоогоор 44 мэдээллийн сангийн зохицуулалт байгаа боловч хоорондын уялдааг хангах, орон зайд дүрслэгдэх өгөгдөл, мэдээллийн нэгдсэн системийг бий болгох, орон зайн өгөгдлийн нэгдмэл байдлыг хангахтай холбоотой эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Хуулийн төсөл батлагдсанаар олон төрлийн мэдээллийн сангийн уялдаа, холбоог хангахад нэгдсэн стандартын дагуу бүрдүүлж, ашигласнаар төсвийн давхардал, мэдээллийн шинэлэг, баталгаатай байдал хангагдах ач холбогдолтой юм.

Дижитал ур чадварыг сайжруулах чиглэлд хамтран ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишраг өнөөдөр /2024.09.05/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнгөрсөн сард Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын цахим шилжилтийн ололт амжилтыг сурталчлан таниулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр “GLOBAL DIGITAL DIALOGUE 2024” арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлж, Монгол Улс нь далайд гарцгүй хэдий ч цахим орчин бол хил хязгааргүй, салбар бүрд дижитал шилжилтийг эрчимжүүлж, дижитал эдийн засгийг хөгжүүлэхээр ажиллаж байгааг онцлов. Мөн Монгол Улсын Засгийн газар “Цахим Үндэстэн” уриалгыг дэвшүүлсэн. Үүнтэй холбоотойгоор тоон хуваагдлыг бууруулахад хоёр тал хамтран ажиллаж байгаа цаашид хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх хүсэлтэй  буйгаа илэрхийллээ. НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра томилолтын хугацаа удахгүй дуусаж буйг дуулгаад шинжлэх ухаан, инновац, технологийг ашиглаж  малчид хүйтэн өвлийг хохирол багатай даван туулах, хөдөө аж ахуйн салбар нь улирал үл хамааран үр өгөөжөө өгдөг байх, алслагдсан орон нутагт амьдарч буй иргэдийн дижитал ур чадварыг сайжруулах чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Түүнчлэн ноён Тапан Мишра Монгол Улсыг IBC /Issue based Coalitions /-ийн хүрээнд хамтран ажиллах тэргүүлэх улсын нэгээр сонгогдсон талаар дуулгав. Ц.Баатархүү сайд алслагдсан орон нутгийн иргэдийн дижитал ур чадварыг сайжруулах,  малчдад зориулсан тусгайлсан инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргахаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарсан ажлын хэсэг гарган, ажиллаж байгааг онцлов. Түүнчлэн тэрбээр Монгол Улсын Засгийн газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс ирэх 4 жилийн хугацаанд хийх ажлын талаар товч мэдээлэл өглөө.