Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Цахим худалдааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2022.06.15

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гадаад харилцааны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Азийн хөгжлийн банкны бүс нутгийн төслөөс хамтран “МОНГОЛ УЛС ДАХЬ ЦАХИМ ХУДАЛДААНЫ ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт худалдаатай холбоотой чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллага, цахим худалдаа, хүргэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн нийт 65 байгууллагын 100 орчим төлөөлөгчид оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо “Цахим худалдааны хууль, эрх зүйн орчин болон өнөөгийн байдал” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлэв. Мөн хэлэлцүүлэгт оролцсон хувийн хэвшлийн төлөөллүүд энэ салбарт тулгамдаад буй асуудлуудыг тодорхойлж, шаардлагатай арга хэмжээний талаарх санал, байр суурийг илэрхийлсэн.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь 2021 онд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд цахим худалдааны хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр хамтран ажиллахаар тохиролцсон. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад цахим худалдаатай холбоотой дараах  хууль эрх зүйн орчин үйлчилж байна. Тодруулбал,

  • “Бараа худалдах, худалдан авах олон улсын гэрээний тухай” Венийн конвенц
  • “Иргэний болон арилжааны асуудлаарх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх тухай” Брюселлийн конвенц
  • Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай конвенц
  • Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээр (2022.04.28) зэрэг хууль эрх зүйн орчин үйлчилж байна.

“Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээ, хүртээмжийн судалгаа”-г хийсэн судалгаанд дурдсанаар, Монгол Улсын 15-аас дээш насны иргэдийн 29.9 хувь нь цахим худалдааг түлхүү ашигладаг байна. Эдгээр иргэдийн

  • 55.7 хувь нь гутал, хувцас, спортын бараа бүтээгдэхүүн;
  • 46.2 хувь нь гэр ахуйн бараа, тавилга;
  • 7.2 хувь нь ном, бичиг хэргийн бараа;
  • 28.2 хувь нь гоо сайхны бүтээгдэхүүн;
  • 13.9 хувь нь хүнсний бүтээгдэхүүн, хоол захиалга;
  • 10.9 хувь нь техник, технологийн бараа, үйлчилгээг цахимаар худалдан авдаг гэж хариулжээ.

Цахим худалдааны сувгийг төрлөөр нь ангилж үзвэл 49 хувь нь сошиалаар, 35 хувь нь цахим хуудас /amazon, Taobao/ 16 хувь нь хосолсон хэлбэрээр дамжуулан бараа бүтээгдэхүүнийг цахимаар худалдан авдаг аж. Цар тахлын улмаас иргэд эрүүл, аюулгүй амьдралын хэв маяг баримтлахыг илүүд үзэх болсон төдийгүй аливаа үйлчилгээг цахимаар захиалан худалдан авах болсон нь цахим худалдаа, шуудангийн захиалгат хүргэлтийн үйлчилгээний хөгжлийг илүүтэй хурдасгасан. Гэсэн хэдий ч иргэдийн дийлэнх нь бараа бүтээгдэхүүнийг дэлгүүрт очиж биечлэн худалдан авахыг илүүд үзэх, цахим технологийн талаарх мэдлэг чадвар дутмаг, итгэлцэлийн асуудал, аюулгүй байдал, нууцлал, техникийн зэрэг асуудлаас болоод цахим худалдаанд төдийлөн оролцож чаддаггүй ажээ. Иймд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс иргэдийн цахим ур чадвар, мэдлэг, ойлголтыг сайжруулах зорилгоор үндэсний аян зохион байгуулахаар төлөвлөж байна.

Цаашид цахим худалдааны бодлого, зохицуулалтын орчинг сайжруулах, ачаа тээвэр, логистик, төлбөр тооцоо зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, хэрэглэгчийн болон байгууллагын эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг сайжруулах, цахим худалдааны мэдээлэл, нарийвчилсан статистик үзүүлэлт бүхий нэгдсэн санг бий болгох, хаягжилт, хүргэлтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон юм.

Хэлэлцүүлгээс гарсан үр дүнд тулгуурлан Азийн хөгжлийн банкнаас цахим худалдааны судалгааг хийж, бодлогын зөвлөмж өгөх ажээ.

Бусад мэдээ

“Олон улсын цахим худалдааны шийдэл” уулзалт боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголбанк, банкнуудын төлөөлөлтэй хамтран бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн цахим худалдааны төлбөр тооцоо гүйцэтгэхэд тулгарч байгаа асуудлыг шийдэх зорилгоор “Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдэвт хамтарсан уулзалт өнөөдөр /2023.09.14/ зохион байгууллаа. Уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон албаны бусад төлөөлөл оролцож, бизнес эрхлэгчдэд цахим худалдаа буюу e-commerce ялангуяа гадаадад борлуулалт хийж төлбөр тооцоо хүлээн авахад тулгарч байгаа хүндрэл, шийдвэл зохих асуудлын талаар талуудын байр суурийг хэлэлцэж, харилцан санал солилцов. Монгол банкнаас хийсэн судалгаагаар “VISA” Олон улсын картын байгууллагын сүлжээгээр манай улсын нэр бүхий томоохон аж ахуйн нэгжүүд Олон улсын төлбөр, тооцоо хүлээн авдаг ч энэ үйлчилгээг авахад өөрийн цахим хуудастай байх, урьдчилж барьцаа төлбөр байршуулах гэх зэрэг технологийн болоод санхүүгийн өндөр шалгууртай байгаа нь зарим талаар иргэдэд, жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй байдаг. Тиймээс Монголбанкны зүгээс Paypal, Stripe, Amazon pay, Skrill, 2checkout зэрэг байгууллагуудтай холбоо тогтоож, хамтран ажиллах албан хүсэлтээ илэрхийлээд байгаа юм байна. Гэвч эдгээр байгууллагуудтай хамтран ажиллаж, судалгаа хийхэд манай улсын цахим худалдааны зах зээлийн эргэлт бага, хэн ямар бараа, бүтээгдэхүүн борлуулах, ямар хэмжээний орлого олох талаар тодорхой мэдээлэл байхгүй, энэ төрлийн үйлчилгээг шинээр нэвтрүүлэхэд дэд бүтцийн зардал өндөр зэрэг хүндрэлтэй асуудлууд гарч байгааг тайлбарлаж байлаа. Банкнуудын тухайд иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадаадаас бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний төлбөрийг төлөх, төлбөр хүлээн авах олон суваг бүхий дэд бүтцийг бий болгож, өнөөдрийн байдлаар Олон улсын цахим худалдааны төлбөрийн гарах урсгал ямар нэгэн саадгүйгээр дамжиж байна. Харин бизнес эрхлэгчдийн хүрээнд гадаадад бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээгээ зарж, борлуулсан орлогоо хүлээн авах суваг хараахан сайн хөгжөөгүй байгаагын улмаас төлбөр тооцоогоо түргэн шуурхай, зардал багатай хүлээн авах боломж харьцангуй хязгаарлагдмал байна. Тиймээс банкнууд өөрийн банкны цахим худалдааны төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой програм хангамжийн шийдэл, шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ давуу тал, онцлогийн талаар мэдээлэл хүргэж, энэ төрлийн бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахад ямар боломж байгаа талаар товч танилцууллаа. Уулзалтад оролцогч бусад байгууллагуудын төлөөлөл ч мөн адил гадаадад борлуулалт хийж, төлбөр тооцоо хүлээн авахад өөрсдийн ашигладаг суваг, туршлагаасаа хуваалцсаны дээр тодорхой шийдлүүдийг ч санал болгов. Дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд талуудын оролцоог хангасан ажлын хэсэг байгуулж, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг иргэд, бизнес эрхлэгчдийн санал, хүсэлтийг нэгтэн тодорхой шийдлийг ЦХХХЯ, Монголбанкаар дамжуулан Монгол Улсын Засгийн газарт болон бусад шийдвэр гаргагч нарт уламжлахаар тогтлоо.

Дорноговь аймагт төрийн үйлчилгээний “ХурДан” цэг байгуулагдлаа

Төрийн үйлчилгээг “Хаанаас ч ойр” танд хүргэх төрийн үйлчилгээний “Хурдан” цэг орон нутаг дахь анхны салбараа нээлээ. Нээлтэд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар болон Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нар оролцож иргэдэд мэдээлэл өглөө. Дорноговь аймгийн Сайншанд хотод төрийн үйлчилгээний “Хурдан” цэг 3 байршилд байгуулагдаж байгаа бөгөөд тус хотын 25.000 гаруй иргэд болон аймгийн иргэд, дамжин өнгөрч буй иргэд үйлчлүүлэх боломжтой болж байна. Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх гэх мэт төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг авах бүрэн боломжтой. Операторын горимоор иргэдэд үйлчилгээ үзүүлэх “ХУРДАН” цэгийг нийслэл, орон нутаг, хилийн чанадад 504 байршилд байгуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 18, хилийн чанадад 5 цэгийг байгуулсан бол 21 аймгийн төвд анхны цэгээ байгуулав. Бусад аймгийн төв, хотуудад 5 дугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Катар Улсад ажлын айлчлал хийж байна

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Катар Улсад хийж буй айлчлалын хүрээнд 11 дүгээр сарын 16-ны өдөр Катар Улсын Харилцаа, холбоо мэдээллийн технологийн сайд Мухаммад бин Али Аль-Маннай-тай уулзалт хийв. Уулзалтад Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайд П.Сэргэлэн, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх Г.Дашням, Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга З.Даваажав нар байлцав. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Монгол Улсын цахим хөгжлийн явц, түүний бодлого, хууль эрх зүйн зохицуулалт, “e-mongolia” платформ болоод цаашид хийхээр төлөвлөж буй томоохон төсөл, хөтөлбөрийн талаар товч танилцуулаад Катар Улстай харилцаа, холбоо цахим хөгжлийн салбарт харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, Монголын мэргэжилтнүүдийг Катарт урт, богино хугацааны сургалтад хамруулах, Катараас Монголд хөрөнгө оруулалт татах, харилцан ашигтай хамтран ажиллах боломжийн талаар хөндөж ярилцав. Мухаммад бин Али Аль-Маннай сайдын хувьд Катар Улсын цахим хөгжлийн явц, хэрэгжүүлж буй бодлого, яамны үйл ажиллагаа, Катарын “Cloud” дата төвийн талаар танилцуулаад Монгол Улстай мэргэжилтнүүдийг чадавхжуулах, цахим шилжилтийн туршлагаасаа хуваалцах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд Монголын талаас тодорхой төсөл, хөтөлбөрүүд тавьсан тохиолдолд урт хугацааны хөрөнгө оруулалт хийх боломжийг судлахаа нотлов. Мөн тэрээр Катар Улс цахим Элчин сайдын яам төслийг анхлан хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд энэхүү төсөлд Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгааг мэдэгдэв. Цахим Элчин сайдын яам байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх саналыг Н.Учрал талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд төслийг ажил хэрэг болгох, үр дүнд хүргэх чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага, мэдээлэл солилцоход бэлэн гэдгээ мэдэгдэв. Мөн тус төслийн хүрээнд Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайдын яамыг анхны цахим Элчин сайдын яам болгох чиглэлээр Элчин сайд П.Сэргэлэнг Катарын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн яамтай тогтмол уялдаа холбоотой ажиллаж, мэдээллээ Засгийн газарт ирүүлж байх чиглэлийг өгөв. Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны яамд хооронд илүү ойр дотно хамтран ажиллах хүрээнд Харилцан ойлголцлын Санамж бичгийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцлоо. Н.Учрал сайд айлчлалынхаа хүрээнд Катар Улсын Харилцаа, холбоо мэдээллийн яамнаас хэрэгжүүлж буй цахим шийдлийн хүрээнд иргэдийн амьдралын стандартыг дээшлүүлэх, Катарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн “TASMU Smart Qatar” хөтөлбөр болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахим үйлчилгээний төв болох “МАДА” -гийн үйл ажиллагаатай танилцав. Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia