Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн мастер төлөвлөгөөг Юнескотой хамтран боловсруулна

2022.10.06

ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ, Юнескогийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан тэргүүтэй төлөөлөгчидтэй хамтарч ажиллах уулзалт зохион байгууллаа. Уулзалтын хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн мастер төлөвлөгөөг хамтран боловсруулах, цахим боловсрол, үндэсний тоон бичиг үсгийн ур чадварыг дээшлүүлэх, Юнескогийн “Open Science”, “Open Education Resources”, багш нарын цахим ур чадварыг дээшлүүлж, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх зорилготой “ICT Competency for Teachers” хөтөлбөрүүдийн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ уулзалтын үеэр хэлсэн үгэндээ: Монгол Улсын хувьд өргөн уудам газар нутагтай, тэнд амьдарч буй малчин өрхүүд мэдээллийн хүртээмжийн хувьд харилцан адилгүй байдаг. Монголын эдийн засгийн чуулганы үеэр хэлэлцсэн асуудлуудын нэг болох Монгол Улсын Ерөнхий сайд өөрөө манлайлан цахим боловсрол, үндэсний тоон бичиг үсгийн ур чадварыг сайжруулах аян өрнүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа талаар дурдаад, Юнескогийн хиймэл оюун ухааны ёс зүйн хэм хэмжээ боловсруулах ажлыг манлайлан ажиллаж байгаад баяртай буйгаа илэрхийлсэн юм.

Юнескогийн зүгээс Ноён Шахбаз Хан: Юнескогийн Дэлхийн өвд бүртгэлтэй Монгол Улсын хэд хэдэн газруудад интернэтийн холболтыг хийж, иргэдэд цахимаар таниулах, өвийг нь хадгалах, цаашлаад аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх боломжтой байгааг дурдаад, үндэсний тоон бичиг үсгийн ур чадварыг дээшлүүлэх аяны хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар эргэн судалж, хариу мэдэгдэхээр тохиролцлоо.

 

Бусад мэдээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Бүгд Найрамдах Киргиз Улстай инновацын эко системийг хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Артыкбаевыг өнөөдөр (2024.08.13) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайд А.Артыкбаевыг урилга хүлээн авч, хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа илэрхийлж, манай хоёр улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд сүүлийн жилүүдэд харилцан айлчлалууд зохион байгуулж, хамтын ажиллагаа илүү өргөн хөгжиж байна гэж харж байна. Монгол Улс түүхэндээ анх удаа 126 гишүүнээс бүрдсэн парламенттай болж, 3 намын хамтарсан Засгийн газрыг байгуулан ажиллаж байна. Манай яамны хувьд инновац болон түүний эко системийг хөгжүүлэх чиг үүрэг нэмэгдэж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон өргөжсөн. Үүнтэй холбогдуулан бидний зүгээс та бүгдтэй Кибер аюулгүй байдлын чиглэлээр туршлага солилцох, инновацын эко системийг хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол Улсын цахимжилтын сайн туршлага болох и-баримт, и-монгол платформуудын сайн туршлагыг та бүгдтэй хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Артыкбаев: Цаг гарган хүлээн авч, уулзаж байгаад баярлаж буйгаа илэрхийлээд УИХ-ын сонгуульд амжилттай оролцож, сонгогдсонд болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргэв. Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдын яамны зүгээс соёл, эдийн засаг, худалдааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна. Байгуулагдаад 1 жилийн хугацаанд бид төрийн өндөр дээд хэмжээний 3 айлчлалыг харилцан зохион байгууллаа. Айлчлалуудын хүрээнд худалдаа, эдийн засгийн асуудлууд хэд хэдэн хэлэлцээрүүд хийсэн. Ирэх 10 дугаар сард Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Бишкек хотноо зохион байгуулагдана. Таныг тус комиссын хуралдаанд оролцож, БНКИУ-ын Цахим хөгжлийн сайдтай өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд яриа, хэлэлцээ хийх боломжийн талаар анхаарч ажиллахыг хүсье хэмээсэн юм. ЦХИХХЯ Бүгд Найрамдах Киргиз Улстай кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, онц чухал мэдээллийн дэд бүтцийн кибер аюулгүй байдлыг хангах талаар туршлага судлах, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах чиглэлээр хамтран ажиллана.

Нисдэг такси Токиогийн хотын тээврийн системд шинэчлэл хийнэ

“Тоёота Моторс Корпораци” Японд нисдэг таксины анхны туршилтын нислэгээ амжилттай хийжээ. eVTOL буюу цахилгаан хөөрөх, буух онгоцны прототипийг АНУ-ын “Joby Aviation”  старт ап компани бүтээсэн бөгөөд “Тоёота” гол хөрөнгө оруулагч юм. Нисдэг таксийг нэвтрүүлснээр хот суурин газрын тээврийн системийг шинэчлэхэд чухал үүрэгтэй.  Ямар чимээгүй ажиллах зориулалттай eVTOL онгоц нь цагт 320 км-ийн дээд хурдтай. Өнгөрөгч аравдугаар сард Шизүока мужийн Сусоно дахь Тоёотагийн R&D байгууламжид амжилттай туршсан. АНУ-д амжилттай туршсан уг нисдэг такси нь нисдэг тэрэгтэй харьцуулахад илүү чимээгүй ажиллагаатай. Энэ нь хотын хөл хөдөлгөөн ихтэй газарт нисэх үйлчилгээг санал болгож байна. “Тоёота”-гийн ТУЗ-ийн дарга Акио Тоёода “Энэхүү технологи нь амьдралын хэв маягийг өөрчлөх боломжийг олгоно. Токиод машинаар явахад 4-5 цаг зарцуулах газарт нисэхэд ердөө 25 минут л болно. Ингэснээр хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчлөх болно” хэмээн онцлов. Ийнхүү “Тоёота” агаарын хөдөлгөөнт орон зайд туршилтаа амжилттай хийж, тус салбарт орж ирж байгаагаа албан ёсоор зарлалаа. Ингэснээр тус компанийн уламжлалт тээврийн хэрэгслээс илүү технологийн дэвшилтэт хувилбаруудыг нэвтрүүлж байна. eVTOL нь хотын түргэн шуурхай, хотын дамжин өнгөрөхөд гол үүрэг гүйцэтгэдэг ирээдүйг бий болгоно. Эх сурвалж: Никкей Асиа

Цахим засаглалын багц хуулиуд ба тэдгээрийн онцлох зохицуулалтууд

ҮЙЛ ЯВДАЛ Цахим засаглалын багц хуулиуд ба тэдгээрийн онцлох зохицуулалтууд 2022.05.01 Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг хуулиуд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Үндэсний статистикийн хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг төрийн байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаач нартай хамтран дээр дурдсан 4 хуульд батлуулахаар заасан журмуудын боловсруулалт дээр хамтран ажиллаж, Засгийн газраар батлуулах журмын төслүүдийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэхэд бэлэн болоод байна. Хуулиудын онцлох зохицуулалтыг товч дурдвал, НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ Энэ хуулийн зорилго нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино. Тус хуулиар байгууллагын нууц гэх нэрийн дор иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд өгдөггүй байсан мэдээлэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээлэл, барилга байгууламжийн улсын комиссын дүгнэлт, худалдан авах ажиллагааны мэдээлэл, төрийн байгууллагын ажлын байрны сул орон тооны мэдээлэл зэрэг 5 төрлийн 68 мэдээллийг нээлттэй болголоо. Түүнчлэн тус хуулиар цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байхаар тогтоож, нотлох баримтын хэмжээнд үнэлэх зэрэг асуудлыг шийдвэрлэнэ. Мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан бол мэдээллийн эзэнд энэ талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдэл хүргүүлнэ. ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ Энэ хуулиар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж, мэдээлэл хариуцагч болох төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд нь хувь хүний мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа тухайн мэдээллийг хэрхэн, юунд ашиглах гэж байгаа зорилгыг мэдээллийн эзэнд мэдэгдэж, зөвшөөрөл авна. Түүнчлэн мэдээллийн эзэн болон хүний хувийн мэдээллийг хариуцаж, хамгаалж байгаа этгээд хоорондын харилцааг зохицуулж, мэдээллийн эзний эрхийг баталгаажуулан Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг тогтоож, мэдээлэл хариуцагчийн хүлээх үүргийг тодруулж өгсөн. Мөн хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох гарын хурууны хээг улсын бүртгэлийн байгууллага иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах зорилгоор ашиглах, улсын хилээр нэвтэрч байгаа гадаадын иргэнийг таних, баталгаажуулах, хэрэг маргааныг хянан, шийдвэрлэх, УИХ-ын гишүүд цахим төхөөрөмж ашиглан санал хураалтад оролцохоос бусад тохиолдолд хориглоно. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулахад тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэгт дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглоно. Хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахтай холбоотой аливаа гомдол байвал Хүний эрхийн Үндэсний Комисс, эсхүл Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гомдол гаргах боломжтой байна. ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА Цахим гарын үсгийн тухай хуулийн зорилго нь цахим орчинд хүн, хуулийн этгээд цахим гарын үсэг хэрэглэх, түүнд тавигдах эрх зүйн болон техникийн шаардлага, нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино. Тус хуулиар: Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй 5 жилийн хугацаатай Улсын бүртгэлийн байгууллагаас олгох ба тус байгууллагын нийслэл, дүүрэг, орон нутгийн бүх салбар, нэгж дээр биечлэн очиж авах боломжтой. Харин гадаадад байгаа Монгол Улсын иргэдийг дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан тоон гарын үсгийн гэрчилгээг авах боломжийг бүрдүүлнэ. Тоон гарын үсгийн гэрчилгээг гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух хугацаандаа авч ашиглах боломжтой. Хуулийн этгээдэд олгох тоон гарын үсэг нь цахим тамга хэлбэртэй байна. Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлсэнээр цахим орчинд өөрийгөө таньж, баталгаажуулах, гэрээ хэлцэлийг цахим хэлбэрээр байгуулах, “e-Mongolia” системд нэвтэрч, төрийн 650 гаруй үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэж байна. КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ Энэхүү хууль нь кибер аюулгүй байдлыг хангахтай холбоотой төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг уялдуулан зохицуулах, зохион байгуулах, хяналтыг хэрэгжүүлэх харилцаанд үйлчилнэ. Тус хуулиар үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоонд нийцсэн Кибер аюулгүй байдлын зөвлөл ажиллах бөгөөд тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллана. Мөн төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг үндэсний төв, харин иргэн, аж ахуй нэгж, хуулийн этгээдийн кибер аюулгүй байдлыг нийтийн төв тус тус хангаж ажиллана. Харин зэвсэгт хүчний кибер командлал тайван цагт батлан хамгаалах салбарын хэмжээнд кибер аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хуульд тусгажээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ