Хүний хувийн мэдээллийг хамгаалах болон холбогдох бусад хууль, журмын төсөл дээр хамтарна
ҮЙЛ ЯВДАЛ Хүний хувийн мэдээллийг хамгаалах болон холбогдох бусад хууль, журмын төсөл дээр хамтарна 2022.04.18 Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулиуд ирэх 05 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд эдгээр хуулийг дагаж 30 гаруй эрх зүйн акт батлагдан гарна. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн дагуу Мэдээллийн эзний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөхүйц шийдвэр гаргах, хүний эмзэг мэдээллийг байнга боловсруулах үнэлгээ хийх аргачлал, журмыг болон Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавигдах шаардлага, анхааруулгад тусгах мэдээллийг Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг үндэслэн Цахим хөгжил, харилцаа холбооны яам батлах юм. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа, холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо, Шуудан, өргөн нэвтрүүлгийн хэлтсийн дарга А.Золзаяа нар ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Г.Нарантуяа, гишүүн Д.Сүнжид нартай өнөөдөр уулзаж, уг хуулиудыг дагаж гарах эрх зүйн актын боловсруулалтын явц, бэлтгэл ажлын хэрэгжилтийн талаар тодрууллаа. Цахим орчинд хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон асуудлууд сүүлийн үед хөндөгдөж буй учир хүний хувийн мэдээллийг хамгаалахад хоёр байгууллага нягт хамтран ажиллах шаардлага зүй ёсоор урган гарч байгааг ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан уулзалтын үеэр онцлов. Түүнчлэн шинэчлэн батлагдсан хүний хувийн мэдээллийг хамгаалах болон холбогдох бусад хууль тогтоомжийн талаар иргэдэд тэнцвэртэй, зөв мэдээлэл ойлголт өгөх, олон нийтэд таниулан сурталчлахад Комиссыг хамтран ажиллахыг тус яамнаас хүсэж, хоёр байгууллагын төлөөлөл дахин уулзаж, журмын төслийг эцэслэн боловсруулахаар тохиролцов. Share on facebook Share on twitter Бусад мэдээ