Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

uranzaya

Холбооны 7 дахь сайд буюу удам залгасан гурав дахь үеэ “Дасгалжуулж” буй Гавьяат холбоочин Ирвузын Норовжав

ҮЙЛ ЯВДАЛ Холбооны 7 дахь сайд буюу удам залгасан гурав дахь үеэ “Дасгалжуулж” буй Гавьяат холбоочин Ирвузын Норовжав 2021.05.12 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1976 оноос Холбооны яамны орлогч сайд, 1979- 1989 онд Холбооны сайдаар ажиллаж байсан Ирвузын Норовжавын тухай нийтэлж байна. Ирвуз овогтой Норовжав нь 1940 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын нутаг “Арвын Эх” гэдэг газар төрсөн, Ховд хотын 7 жилийн сургуулийг 1957 онд, Улаанбаатар хотод Политехникумыг 1960 онд “Холбооны техникч-эдийн засагч” мэргэжлээр, Зөвлөлт Холбоот Улсын Новосибирск хотод Холбооны цахилгаан техникийн институтийг 1968 онд “Холбооны инженер-эдийн засагч” мэргэжлийг эзэмшсэн байна. Мөн тэрбээр мэргэжлээ дээшлүүлэхээр 1983 онд ЗХУ-ын сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улс ардын аж ахуйн удирдлагын институт, 1985 онд ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улс ардын аж ахуйн академийг тус тус төгсжээ. И.Норовжав нь ажиллахын хажуугаар өөрийн мэдлэг, оюундаа байнгын “хөрөнгө оруулалт” хийдэг нэгэн бөгөөд 1998 онд Монгол Улсын Техникийн их сургуулийн “Бизнесийн удирдлагын ухаан”-ы магистр цол, 2002 онд “Мэдээлэл холбооны сүлжээний зөвлөх инженер” цолыг тус тус хүртсэн байна. “Холбооны инженер-эдийн засагч” мэргэжлийг эзэмшин сургуулиа төгсөөд Тээвэр, холбооны сайдын 1960 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 270 дугаар тушаалаар Тээвэр холбооны яамны харьяа Шуудан, Цахилгаан хооронд Төлөвлөгч-эдийн засагчийн ажилд томилогдон хөдөлмөрийн гараагаа эхэлж байжээ. И.Норовжав нь 1960-1963 онд Тээвэр, Холбооны яамны төлөвлөгөөний хэлтэст төлөвлөгч, 1968 оны 7 дугаар сараас Холбооны яамны төлөвлөгөө эдийн засаг, хөдөлмөр цалин хөлсний хэлтэст инженер-эдийн засагч, 1971 оны 9 дүгээр сараас хэлтсийн дарга, 1976 оны 6 дугаар сараас Холбооны яамны орлогч сайдаар ажиллаж байв. “Монгол Улсын холбооны салбарын хөгжил, байршлын ерөнхий схем”-ийг 1970 оны эхээр ЗХУ-ын Холбооны эрдэм шинжилгээ, зураг төслийн төв институт Монгол инженерүүдийн оролцоотойгоор боловсруулсан нь холбооны сүлжээ, үйлчилгээний байдалд дүгнэлт хийж, шинэ техник, технологид суурилсан цахилгаан холбооны нэгдсэн сүлжээ байгуулах шийдлийг тодорхойлсон Монгол Улсын харилцаа холбоог хөгжүүлэх “хоёр дахь” схем байсан бөгөөд И.Норовжав энэхүү схемийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, сүлжээний бүтэц, зохион байгуулалт, төлөвлөлт норм, нормативын талаар тусган идэвх зүтгэл гарган ажилласан байна. Орлогч сайдаар томилогдон санхүү, эдийн засаг, барилга, тээврийн асуудлыг хариуцаж байсан тул ЗХУ-аас үзүүлсэн бэлгийн болон буцалтгүй тусламжийн 60 сая рубль буюу тухайн үеийн ханшаар 54 сая ам.долларын өртөг бүхий харилцаа холбоо, радио, телевизийн цогцолбор, барилга байгууламжийн барилгын Монголын талын хүлээсэн үүргийг амжилттай гүйцэтгэн ажиллажээ. И.Норовжав гуай: “ЗХУ-ын Холбооны яамны нэгдүгээр орлогч сайд байсан В.А.Шамшинтай Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн цахилгаан, шуудан холбооны байнгын комиссын хурлаар үеэр уулзаж, манай улсад КУРС (Комплекс унифицированных радио релейных систем) системийн Радио релейный шугамыг байгуулж өгөх талаар зурагтай альбом үзүүлж байсан ба энэ систем нь 1970 оны эхээр зохион бүтээсэн шинэ техник байсан тул бидний судалгаа хийж мэдэж авч байсан билээ. В.А.Шамшин нь 1968 онд ЗХУ-ын Холбооны яамны орлогч сайд, 1976 оноос нэгдүгээр орлогч сайд, 1980-1989 онд ЗХУ-ын Холбооны сайдаар ажилласан ба Монгол Улсад 5 удаа айлчилж, Монгол Улсын харилцаа холбоо, телевиз, радио өргөн нэвтрүүлгийн сүлжээг хөгжүүлэхэд бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлж байсан Монгол элэгсэг нэгэн … ” хэмээн Харилцаа холбоо-Миний амьдрал номдоо дурсжээ. 1968-1971 онд И.Норовжавын шууд удирдлагын дор болон өөрөө биечлэн Холбооны салбарын ажил үйлчилгээний өөрийн өртөгт үндэслэгдсэн үйлчилгээний тариф, хөдөлмөрийн норм, норматив, цалин хөлс, урамшууллын системийг боловсруулж мөрдүүлснээр холбооны байгууллагууд анх удаа ашигтай ажилладаг болж, улмаар “Төлөвлөлт, эдийн засгийн урамшууллын шинэ систем”-ээр ажиллуулах аргачлалыг боловсруулан, 1973-1982 онд Холбооны салбарын бүх байгууллагуудыг энэхүү системээр ажиллуулсан нь 1985 оноос “Холбооны Яам” -ыг бүхэлд нь аж ахуйн тооцоогоор ажиллах боломжийг бий болгожээ. И.Норовжавыг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1979 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн зарлигаар БНМАУ-ын Холбооны сайдаар томилжээ. И.Норовжав нь сайдаар ажиллаж байх хугацаанд бүх сум, сангийн аж ахуй, хилийн заставыг аймгийн төвтэй нь агаарын шугамаар холбож, ЗХУ-ын бэлгийн болон буцалтгүй тусламжаар байгуулсан 4000 шахам км радио релейний шугам, радио нэвтрүүлэх 7 станц, олон сувгийн 2000 км агаарын шугам байгуулж өргөтгөх, Улаанбаатар хотын 1000 кВт, Чойбалсан хотын 1000кВт чадалтай радио станцыг байгуулж, 1980-аад оны эхээр бүх аймгийн төв, бүх сумдыг телевизийн нэвтрүүлгийг хүлээн авдаг, Улаанбаатар хотын телевизийн нэвтрүүлэх станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, 1982-1984 онд Улаанбаатар хотод улс, хот хоорондын холболтын хагас автомат станц байгуулснаар Монгол Улсын цахилгаан холбооны нэгдсэн сүлжээ, радио, телевизийн нэвтрүүлгийн сүлжээтэй болсон байна. Түүнчлэн Телевизийн үндэсний нэвтрүүлгийг Сансрын холбооны дагуулаар дамжуулах ажлын барилга угсралтын ажлыг удирдан гүйцэтгэснээр 1991 оны 7 дугаар сарын 1-нээс бүх аймаг, сум үндэсний телевизийн нэвтрүүлгийг үздэг болсон байна. Олон улсын сансрын холбооны ИНТЕРСПУТНИК байгууллагад 1993-1997 онд ажиллахдаа уг байгууллагын эдийн засгийн механизмыг зах зээлийн системтэй уялдуулан боловсронгуй болгох журам, аргачлалыг боловсруулан олон улсын хурлаар батлуулан хэрэгжүүлсэн байна. Монголын шуудангийн маркийн түүхэнд том байр эзлэх “ Алтадсан марк” гэж нэрлэгддэг 23 каратын алтан шармал бүхий Дэлхийн улаан номонд орсон Монголд амьдардаг амьтдын зургаар 30 нэрийн маркийг хэвлүүлэх, орлого, ашгаа хуваах асуудлыг Америкийн нэгэн пүүсийн санал болгосноор боловсруулан, Гадаад худалдааны яамтай хамтран холбогдох дээд байгууллагуудад оруулж, хэлэлцэн сүүлдээ Ю.Цэдэнбал даргад хүрч шийдвэрлүүлж байсан нь тухайн он цагийн түүхэнд тодоор бичигдэн үлджээ. Энэ маркийг нэг бүрийг нь 20 ам.доллароор зарж, нэг бүрээс нь 2.6 ам.долларыг манайх авч нийтдээ 234 мянган ам.долларын ашиг олж байв. Түүнчлэн Монгол хүн сансарт нисэхэд зориулан 7 номиналь, нэг блок бүхий марк, 2 төрлийн дугтуйг хэвлүүлэх, мөн сансрын бүхээгт шуудангийн тусгай штемпелээр тамгалах дугтуйг хэвлүүлэх, штемпелийг ЗХУ-ын Холбооны яамаар тусгай захиалгаар хийлгэх ажлыг И.Норовжав сайд гардан хариуцаж, уг ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна. Монгол Улсад нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж байсан 1990 онд ард иргэдийг мэдээллээр хангах, төрөөс болон орон нутгаас зарцуулж байсан хөрөнгийг зарцуулах боломжгүй болж, хүн, шуудан тээвэрт нисэж байсан АН-2 онгоц нисэхээ больж, бүх автомашин хувьчлагдаж, хөдөө, аж ахуйн байгууллагууд татан буугдаж, хөдөө, орон нутаг руу хэвлэл, шуудан хүргэлтийн сонгомол систем үйлчлэхэд хүндрэлтэй болсон байна. Энэ асуудлыг даван туулах зорилгоор олон асуудал боловсруулж байсан ба шуудангийн олон салбартай Улаанбаатар хот болон зарим хотуудад шууданг ялгах, бичиг, захидлын хаягийг бүрэн уншиж, аль салбарт хуваарилах зэргээс хамааран шуудан саатах, хоцрох явдал гарч байгааг И.Норовжав сайд гярхай анзааран шуудангийн салбарын дугаараа, тухайлбал, Улаанбаатар-46 гэж бичиж байхаар кодыг бий болгосон байна. И.Норовжав сайд сумдын холбооны салбарын байрыг өөрийн байртай болгох зорилгоор нэг загварын холбооны салбарын хоёр хувилбарын зураг хийж, барилгыг бариулах, салбарыг нэг загварын цөөн, ойлгомжтой

Холбооны 7 дахь сайд буюу удам залгасан гурав дахь үеэ “Дасгалжуулж” буй Гавьяат холбоочин Ирвузын Норовжав Read More »

Код бичих охидын хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

ҮЙЛ ЯВДАЛ Код бичих охидын хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 2021.05.01 Аж үйлдвэрийн IV хувьсгал, Дижитал шилжилт эрчимтэй явагдаж байгаа өнөө үед технологи, кодлох чадвар зайлшгүй байх ёстой чадварын нэгт тооцогдох болжээ. Энэ хэрээр мэдээллийн технологийн салбарт жендерийн ялгаа улам бүр ихсэх хандлагатай байна. Дэлхий нийтийн дунд хүйсийн тэгш байдал өдрөөс өдөрт тэнцвэржиж, технологи дахь эмэгтэйчүүдийн нөлөө хүчтэй болж буй энэ үед салбарын жендерийн тэгш бус байдлыг багасгах, эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бий болгох, хөдөө, орон нутагт амьдардаг охид, бүсгүйчүүдийг чадавхижуулах зорилгын хүрээнд жил бүр код бичих сургалтад 30 охидыг хамруулах хөтөлбөр зарлагдаж байна. Тус хөтөлбөрийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ санаачилсан бөгөөд бүртгэл өнөөдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 01-нд эхэлж байна. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй охидод дараах шаардлага тавигдаж буй. Үүнд: Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч байх Алслагдсан дүүрэг, хороо, аймаг, сумдад амьдардаг бөгөөд онлайн сургалтад тогтмол хамрагдах боломжгүй Зуны амралтынхаа хоёр сарыг код бичих сургалтад зарцуулах хүсэлтэй байх. Бүртгүүлэх линк: https://docs.google.com/forms/d/1pPra104vkRkcJgnNgh5X6OrKYopZUJjDe0MGtnm0Eds/edit?usp=sharing Бүртгэлийн хугацаа. 2021.05.01-2021.05.14 Холбоо барих утас: 94999598 – Э.Уранцэцэг Сургалт 6 дугаар сарын 14-с эхлэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд хөтөлбөрийн үр дүнд охид өөрсдөө программ бичиж, олон нийтэд танилцуулах юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Код бичих охидын хөтөлбөрийн бүртгэл эхэллээ Read More »

Фишинг халдлага

ҮЙЛ ЯВДАЛ Фишинг халдлага 2021.04.28 Мэдээллийн технологийн хөгжлийн өнөө үед цахим харилцаанд цахим шуудан томоохон орон зайг эзлэхийн хэрээр цахим халдлагын бай болох байгууллага, хувь хүнийг эрсдэлд оруулах үйлдлүүд ихээр гарах болсон. Иймд байгууллага, хувь хүн бүр цахим шуудангийн аюулгүй байдлын тухай ойлголттой байж, хортой код агуулсан цахим шууданг таньж чаддаг байх нь тухайн халдлагаас үүдэх гарах аливаа эрсдэл, алдагдлыг бууруулахад чухал нөлөөтэй болоод байна. Фишинг халдлага гэдэг нь таны нууц үг болон энэ төрлийн хувийн мэдээллийг хулгайлах зорилготой бөгөөд хакерууд фишинг халдлагын тусламжтайгаар хэрэглэгчийн нэр, нууц үг, регистрийн дугаар болон бусад холбогдох мэдээллийг цуглуулж, тухайн мэдээллийг хууль бус үйлдэлд ашиглах замаар өөр төрлийн халдлагууд хийх тохиолдол их байдаг. 2004 оноос эхлэн дэлхий даяар фишинг төрлийн халдлага ихэсч байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд байгууллагууд алсын зайнаас ажиллаж буйтай холбоотойгоор эрчимтэй өсөж, учруулж байгаа хохирлын хэмжээ ч тэр хэмжээгээр нэмэгдсэн талаар Computer Fraud & Security сэтгүүлийн 2020 оны 9 дүгээр сарын дугаарын “Why is phishing still successful?” өгүүлэл, Wiley хэвлэлийн газрын Internet technology letters сэтгүүлийн 2020 оны 10 дугаар сарын “COVID‐19 pandemic cybersecurity issues” өгүүлэл, IEEE Xplore-д 2021 оны 1 дүгээр сард хэвлэгдсэн “Phishing Web Page Detection Methods: URL and HTML Features Detection” өгүүлэл зэрэг олон эх сурвалжид онцолсон байна. Мөн хэрэглэгчдийн хувьд ялгаатай системүүдэд ижил нууц үг ашигладаг нь тухайн халдлагын тоо болон хор хохирол буурахгүй байгаатай шууд холбоотой хэмээн судлаачид үзжээ. Ихэнх фишинг цахим шуудан нь бидний өдөр тутам ашигладаг интернэт банк, нийгмийн сүлжээний сайтын нэр, логог ашиглан, тэдгээртэй ижил төстэй мэдээллийн агуулгатайгаар цахим шуудан илгээдэг. Цахим шуудангийн агуулга хүний анхаарал, сонирхол татах зорилготой байдгаас хэрэглэгч чухал ач холбогдолтой цахим шуудантай андуурч фишинг халдлагад өртөж хувийн мэдээллээ алдах магадлал өндөр байдаг. Бидний өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг цахим шуудангаар дамжуулж буй гол протокол нь SMTP (Simple Mail Transfer Protocol) юм. SMTP протоколоор цахим шуудан илгээхийн тулд заавал толгой мэдээлэл (header information)-тэй байх шаардлагатай. Уг мэдээлэлд тухайн цахим шуудан ямар хаяг болон серверээс ирсэн зэрэг гол утгууд агуулагдах бөгөөд бид энэхүү өгөгдөлд тулгуурлан тухайн цахим шуудан фишинг мөн эсэхийг тогтоох боломжтой юм. Зураг 1-д харуулснаар цахим шуудан sans@email.sans.org хаягаас ирсэн байна. Зураг 1. Цахим шуудангийн толгой мэдээлэл харах Тухайн цахим шуудангийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл (толгой мэдээлэл)-д цахим шуудан илгээсэн серверийн тухай мэдээлэл тодорхой харагдана. Хэрвээ цахим шуудан илгээгчийн мэдээлэл сэжигтэй санагдсан бол virustotal.com зэрэг сайтуудыг ашиглан шалгаж үзэхээс гадна ping, whois зэрэг хэрэгслэл /tool/-ийн тусламжтайгаар илүү нягталж үзэх боломжтой юм. Цахим шуудан илгээгчийн мэдээлэл дунд “unknown” гэсэн мэдээлэл байвал хэдий тухайн хаяг нь зөв байсан ч спам эсвэл фишинг халдлага байх магадлал өндөр байдаг. Өөрөөр хэлбэл спам, фишинг цахим шууданг зарим тохиолдолд хэн нэгний өмнөөс илгээх боломжтой байдаг. Зураг 2. Цахим шуудангийн толгойн мэдээллийн хэсэг Жишээ нь: Сайн байна уу. Эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны Instagram дахь хаягаар 2020 оны 4 сарын 26-ны өглөө 07:12 цагт (GMT +8) халдлага хийгдсэн байж болзошгүй үйлдэл илрч 5 удаа нэвтрэх оролдлого хийлээ. Энэ нь таны хаягт password guess, dictionary, rainbow table төрлийн халдлагууд хийгдсэн байж болзошгүй гэдгийг илтгэж байна. Хэрвээ та тухайн үед хаягтаа хандах оролдлого хийгээгүй бол аюулгүй байдлаа хангах үүднээс ЭНД дарж нууц үгээ яаралтай сольно уу. Таныг хүндэтгэсэн: Instagram-ийн аюулгүй байдлын баг. Дээрх цахим шуудангаас ихэнх хэрэглэгч “халдлага”, “instagram”, “password guess”, ”dictionary”, ”rainbow table” зэрэг өөрт ойр болон техник, технологийн үгсүүд дээр голчлон анхаарч чухал цахим шуудан хэмээн итгэж хохирогч болох магадлалтай байдаг. Фишинг цахим шууданд дараах агуулгууд ихэвчлэн байдаг тул түүнийг танихад ашиглаж болно. Үүнд: Нууц холбоос: Жишээ нь дээрх цахим шууданд холбоосыг ЭНД гэж нууцалсан байгаа нь мэдээллийн аюулгүй байдлын мэдлэггүй хэрэглэгчид тухайн холбоос дээр дарж өөрийн мэдээллээ хакеруудад алдах боломж бүрдүүлдэг. Нууц үгээ, нууц кодоо солихыг шаардсан шинж, агуулгатай цахим шуудан ихэвчлэн фишинг төрлийн халдлага байх магадлалтай. Жишээ нь дээрх цахим шууданд та халдлагад өртсөн байж болзошгүй тул ЯАРАЛТАЙ НУУЦ ҮГЭЭ СОЛЬ гэсэн байдлаар шаардаж буй юм. Мөн сугалаанд хожсон тул та яаралтай холбогдох мэдээллээ оруулна уу гэх зэрэг оролдлого нь фишинг халдлагын ангилалд орно. Монгол улсын иргэн биш бол ихэнх тохиолдолд халдлага үйлдэгч нь логикийн алдаатай, үгийн алдаатай, бичиглэлийн, найруулгын алдаатай байдлаар бичдэг. Жишээ нь дээрх цахим шууданд “сольно”, “илрч” зэргээр алдаатай бичжээ. Дуурайлган хийсэн, ижил төстэй домэйн бүхий вэб сайт ашиглах замаар фишинг халдлага хийгддэг. Жишээ нь Монгол улсын иргэдийн хувьд ихэнх нь Google-ийн цахим шуудангийн хаяг ашигладаг. Тэгвэл халдагч этгээд gmai1.com зэрэг хаяг ашиглан ижилхэн харагдах вэб байршуулах замаар олон тооны хэрэглэгчийг хамарсан халдлага хийдэг. ЦАХИМ ШУУДАНГААР ФИШИНГ ХАЛДЛАГА ХИЙЖ БУЙ ЭСЭХИЙГ МЭДЭХ АРГА: Нууц холбоос агуулсан цахим шуудангийн холбоосын аюулгүй байдлыг шалгахдаа virustotal.com сайтыг ашиглаж, https://www.youtube.com/watch?v=n916FbMdyk0 энэ бичлэгийн дагуу шалгаж болох юм. Нууц үг болон бусад нууцлалтай холбоотой мэдээлэл солих агуулга бүхий цахим шуудан ирсэн тохиолдолд вэб сайт, холбоост хандахаас өмнө тухайн хаяг болон холбоосыг нягтлаарай. Шаардлагатай тохиолдолд тухайн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад хандан тодруулж болно. Цахим шуудангийн агуулга, найруулга, үг үсгийн алдаа зэргийг сайтар нягталж унших хэрэгтэй. Мөн цахим шуудангийн Signature хэсгийг сайн харах хэрэгтэй. Дээрх цахим шууданд зөвхөн “Instagram-ийн аюулгүй байдлын баг” гэсэн signature ашигласан байгаа нь албан бус болох магадлалтайг илтгэж байна. Бид албаны цахим шуудангийн signature хэсэгт тухайн хүн, байгууллагатай холбоо барих мэдээллийг оруулдаг гэдгийг санах хэрэгтэй. Цахим шуудангаар ирсэн холбоос дээр яаран дарахгүйгээр хайлтын системээс тухайн байгууллагын албан ёсны хаягийг цахим шуудангаар ирсэн хаягтай харьцуулж үзээрэй. Байгууллагын хувьд фишинг цахим шуудантай тэмцэж түүний хохирлыг бууруулах үндэс нь байгууллагын бүх ажилчдын түвшинд болон бусад харилцагч байгууллагуудын түвшинд фишинг халдлагын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, байгууллагын хүрээнд ёс зүйт фишинг халдлага хийх (Phish drill exercise) замаар халдлагад өртөх магадлалтай бүлгийг тогтоох, тухайн бүлэгт тусгайлан сургалт явуулж, эрсдэлийг бууруулж болно. Технологийн хувьд спам цахим шуудангаас хамгаалах, whitelisting үүсгэх зэрэг шийдлүүдийг ашиглаж болно. Мөн фишинг халдлага нь DNS, вэб хөтөч болон бусад протоколуудад халдах замаар улам ухаалаг болж буйг тооцоолох нь чухал юм. Фишинг халдлагад өртөх магадлал өндөр салбар болон хэрэглэгчдийн бүлгийг APWG- аас / APWG report / дараах байдлаар тодорхойлжээ.  Үүнд: Онлайн тоглоом тоглогчид Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид, тэдний үйлчлүүлэгчид Сошиал сүлжээ идэвхтэй хэрэглэгчид Мөн уншигч та фишинг халдлагыг таньж чадах буй эсэхээ Google-ээс гаргасан дараах тестээр шалгаж үзээрэй. Холбоос https://phishingquiz.withgoogle.com/ Танд Зураг 3-т үзүүлсэн цонх гарч ирэх бөгөөд 1 дугаартай мөрөнд буй зааврыг уншиж 2 дугаартай хэсэгт буй цахим шуудантай ажиллан Фишинг эсвэл Албан ёсны цахим шуудан гэдгийг таних бөгөөд 3 дугаартай мөрөнд

Фишинг халдлага Read More »

Арван таван жил сайдаар ажилласан Дахын Готов

ҮЙЛ ЯВДАЛ Арван таван жил сайдаар ажилласан Дахын Готов 2021.04.27 Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1965- 1985 онд Холбооны сайдаар ажиллаж байсан Дахын Готовын тухай нийтэлж байна. Дах овогтой Готов Сүхбаатар аймгийн Онгон суманд 1927 онд төрсөн. Түүний холбоочин болох зам нь 1942 оноос Сүхбаатар аймгийн Байшинтын холбооны салбарт үйлдвэрлэлийн ажилтнаар ажилласнаар эхэлжээ. Д.Готов гуай 1945-1949 онд Улаанбаатар хотын холбооны техникумд суралцаж төгсөөд Ушандийн нэвтрүүлэх станцад техникч, станцын даргаар дэвшин ажилласан нэгэн. Тэрбээр 1949-1953 онд радио станцын техникч, радио зангилааны дарга, 1959-1960 онд Хонхорын радио төвийн ахлах инженерээр ажиллаж байгаад 1953-1959 онд ЗХУ-ын Москва хотын цахилгаан холбооны дээд сургуульд суралцаж радио холбооны инженер болжээ. 1960-1963 онд Төрийн ордны холбооны инженер, 1963-1964 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тээвэр, холбоо хариуцсан референт, 1964 оноос Тээвэр, холбооны яамны холбоо эрхэлсэн орлогч сайдаар томилогдон ажиллаж байв. Д.Готов гуай “… 1964 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Ю.Цэдэнбал дарга намайг дуудаж, “За, чи Тээвэр, холбооны яаманд холбоо эрхэлсэн орлогч сайдаар ажиллах хэрэгтэй. Харилцаа холбоог мэргэжлийн инженерийн хувьд удирдаж, ажлыг сайжруулж, цаашид хөгжүүлэх хэрэгтэй гэв. Ингээд би холбоочдынхоо дунд эргэж ирсэн билээ. … Тэр үед ТХЯ-д харилцаа холбооны асуудал эрхэлсэн 4 мэргэжилтэнтэй нэг хэлтэс ажиллаж байлаа. Дан ганц энэ хэлтсийн хүчээр тулгамдсан асуудлуудыг боловсруулж, шийдвэрлүүлэх боломж хараахан байхгүй нь ойлгомжтой тул ахмад туршлагатай удирдах ажилтан Ж.Самбуу, С.Дамдинсүрэн нар болон ЗХУ-д сургууль төгссөн Л.Бадарч, Ш.Гандорж, Д.Дамдинсүрэн, Л.Буджав, Б.Цэд-Иш, Л.Сумъяа, З.Дүгэрсүрэн, Г.Балдандорж, Ц.Бат-Очир зэрэг хэдэн залуу инженерүүдтэй зөвлөлдөн, Холбооны яамыг бие даан байгуулах тухай санал сэдэж, уг асуудлаа нилээд тооцоо судалгаатай боловсруулж, сайд Б.Гомбосүрэн болон коллегийн гишүүдэд танилцуулан, улмаар МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал даргатай биечлэн уулзаж танилцуулсан нь цагаа олсон хэрэг болж, 1965 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг гарч, Холбооны яам байгуулагдсан бөгөөд 1965 оны 12 дугаар сарын 1-ний өдөр намайг Холбооны сайдаар томилсон түүхтэй юм” хэмээн өгүүлжээ. Д.Готов гуай БНМАУ-ын Харилцаа холбооны салбарт реформын шинж чанартай өөрчлөлт шинэчлэлийг хийхээр зорин “БНМАУ-ын харилцаа холбооны салбарын 1960-1990 оны хөгжлийн бодлого”-ыг боловсруулж, энэхүү бодлогын баримт бичгийг 1967 онд Холбоочдын улсын зөвлөгөөнийг зохион байгуулан, энэхүү зөвлөгөөний үеэр хэлэлцүүлэн батлуулсан түүхтэй билээ. Энэ ерөнхий схемийн хэрэгжилт 1971-1989 оны хооронд улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх VI, VII, VIII таван жилийн төлөвлөгөөний хугацаанд гүйцэтгэгдсэн бөгөөд Монгол Улсын цахилгаан холбооны сүлжээ шинэчлэгдэхийн хэрээр техникийн дэвшил нэвтэрч байсан нь харилцаа холбооны чанар сайжирч, үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлжээ. 1965-1970 онд Ховд, Дорнод, Хөвсгөл, Өмнөговийн чиглэлийн агаарын шугамыг 3-12-15 сувгийн өндөр үелзлийн аппаратаар нягтруулж, 3000 гаруй км шугам шинээр байгуулж, агаарын шугамын дундын өсгөх буудлын 20 барилгыг барьснаар хот хоорондын шугамын урт 16,6 хувь өсөж, нягтруулсан сувгийн тоо 4 дахин нэмэгдэж, бүх аймгийн төвүүдийг нийслэл Улаанбаатар хоттой 24 цагийн турш байнгын телефон харилцаатай болгосноор хот хоорондын телефон ярианы хэмжээ 86,0 хувиар өссөн байна. Энэ хугацаанд цахилгаан мэдээг үсэг бичигч аппаратаар дамжуулах болж морз аппаратыг бүрэн сольж дуусгажээ. 1975-1980 онуудад Хот хоорондын болон аймаг сумдын хооронд дахь агаарын шугамыг төмөр бетон хөлөөр бэхжүүлэх арга хэмжээг эрчимтэй үргэлжлүүлж, нийтдээ 3718,4 км шугам шинээр байгуулж сувгийн уртыг 3875 суваг/км-ээр нэмэгдүүлсэн. Энэ ажлын дүнд ХАА-н нэгдэл, САА-н тасаг, бригадуудын 70%-ийг холбоожуулсан байна. Увс, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудыг орчин үеийн хоёроос гурван давхар холбооны барилгатай болгож, Улаанбаатар хотын дүүргүүдэд АТС, үйлчилгээний танхим бүхий холбооны шинэ байшин барьж холбооны үйлчилгээг чанартай үзүүлэх нөхцөл бүрдүүлжээ. Даланзадгад, Есөнбулаг, Чойбалсан, Мөрөн хотуудад 150-квт-ын хүчин чадалтай өргөн нэвтрүүлгийн станцууд байгуулж Монголын радио нэвтрүүлгийг дахин дамжуулж, холын аймгуудад телефон сувгаар радио нэвтрүүлгийн программыг дамжуулдаг болсноор радио нэвтрүүлгийн сонсголыг сайжруулжээ. Монгол Улсын харилцаа холбооны салбарт техникийн дэвшил нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэхэд 1974 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласны 50 жилийн ой тэмдэглэхэд оролцсон Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Зөвлөлт Холбоот Улсын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга Леонид Ильич Брежнев зочлох үеэр Монгол Улсад радиожуулалтын асуудлыг шийдвэрлэхээр 60 сая рублийн буцалтгүй тусламж үзүүлэх болсон нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын холбоог хөгжүүлэх ерөнхий схемийн үндсэн зорилтыг шийдвэрлэсэн байна. Энэхүү тусламжийн хүрээнд Улаанбаатар- Өлгийн хоорондох радио релейны шугамын анхны станцын суурь тавигдаж, Алтай, Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улаанбаатар хотуудад их чадлын радио нэвтрүүлэх станц баригдан, ашиглалтад орж эхэлсэн байна. Шууданг Улаанбаатараас өдөр бүр бүх аймагт онгоцоор, сумдад долоо хоногт автомашинаар, сумын холбооны салбараас тусгай хуваариар багуудад шуудан хүргэдэг болгон зохион байгуулжээ. Энэ үеийн шуудан харилцаанд гарсан өөр нэг дэвшил бол шуудангийн маркийн хангамж байлаа. Өмнө нь ЗХУ-д шуудангийн маркаа хэвлүүлж зөвхөн дотоодын шуудангийн төлбөрт ашиглаж байсан бол 1958 онд шуудангийн маркийн талаар Бүгд Найрамдах Унгар Ард Улстай хамтран ажиллах гэрээ байгуулснаар шуудангийн маркийн сэдэв олширч, хэвлэлийн чанар сайжирсны зэрэгцээ гэрээний дагуу Унгар улс Монгол шуудангийн маркийг гадаадын зах зээлд борлуулж түүнийхээ орлогоос Монгол шуудангийн хэрэглээний маркийг Монголын талд үнэ төлбөргүй нийлүүлдэг болов. Д.Готов сайд “Би дэлхийн шуудангийн байгууллагын 1964 оны чуулган дээр шуудангийн маркийн ач холбогдол, үүргийн талаар олон орны төлөөлөгчдийн хэлсэн үг, санал зөвлөгөөнийг үндэслэн Монгол маркийн цаашдын хөгжлийн асуудлаар МАХН-ын Төв Хороонд танилцуулж байсан” хэмээн дурссан байдаг. 1965 онд ЗХУ-ын Холбооны яамныхантай Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг дамжуулах гэрээнд гарын үсэг зурж, телевизийн барилга байгууламж, шугам, антеныг бүрэн угсарч, 1967 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр албан ёсоор ашиглалтад хүлээж авах ажлыг гардан зохион байгуулсан. VI таван жилийн эцэст радио релейний шугам ашиглалтад орж эхэлснээр хот хоорондын телефон сувгийн тоог эрс нэмэгдүүлэх сайхан боломж олдсоны зэрэгцээ Радио релейний шугамын трассын дагуу сумын салбарууд хот хоорондын нэгдсэн сүлжээнд холбогдож улмаар ярианы саатал багассан байна. Сумдын нягтруулгатай сувгийн урт 1979 оны эцэст 16,5 мянган суваг/км болсон байна. Монгол Улсад дунд мэргэжлийн холбооны боловсон хүчнийг 1940 оноос бэлтгэж эхэлжээ. Холбооны салбар хөгжиж үйлчилгээний хүрээ өсөхийн хэрээр холбооны түгээмэл мэргэжлийн ажилтнууд болон дээд боловсролтой инженерүүд олноор шаардагдах болсон тул энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Д.Готов сайд, орлогч сайд Д.Гарам- Очирын хамт Сайд нарын зөвлөлийн тогтоол гаргуулж, 1967 онд Монгол Улсын Их Сургуулийн физик математикийн факультетад радио, холбооны инженерийн анги нээсэн бөгөөд 1960 оны сүүлчээр Монгол Улсын Их Сургуулиас Политехникийн дээд сургууль өрх тусгаарлан гарахад физик математикийн факультетын радио, холбооны ангийг Политехникийн дээд сургуулийн эрчим хүчний факультетын радио, холбооны тэнхим

Арван таван жил сайдаар ажилласан Дахын Готов Read More »

GOOGLE: COVID-19 ERSDEL хөгжүүлэлтэд Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж ажиллах болно

ҮЙЛ ЯВДАЛ GOOGLE: COVID-19 ERSDEL хөгжүүлэлтэд Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж ажиллах болно 2021.04.21 Монгол Улсын Засгийн газар Google болон Apple компанитай хамтран дэлхийн 60 гаруй улс оронд 130 сая гаруй хүн ашиглаж буй EXPOSURE NOTIFICATION буюу COVID-19 ERDEL системийг Монгол Улсад ашиглах боломжийг бүрдүүлж, 4 дүгээр сарын 19-нд бүх нийтийн хэрэглээнд нэвтрүүллээ. Тус системийн талаар Google компанийн зүгээс Монгол Улсад хандсан захидал ирүүлсэн бөгөөд уг захидалд Google компанийн засгийн газрын асуудал эрхэлсэн захирал Тэнзин Долма хэлэхдээ “Ковид-19 цар тахалтай тэмцэж буй Монгол Улсын Засгийн газарт Google болон Apple компаниас дэмжлэг үзүүлж, өөрсдийнхөө бүтээсэн, одоогоор хамгийн шилдэг гэсэн технологийн шийдлийг Монгол Улсад нэвтрүүллээ. Энэхүү систем нь коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх бөгөөд хэрэглэгчийн байршил болон хувийн мэдээллийг цуглуулахгүй гэдгээрээ давуу талтай. Цаашид Монгол Улсын Засгийн газрыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллах болно” гэжээ. “We support the Government of Mongolia’s Communications and Information Technology Authority (CITA) in the launch of their COVID 19 Ersdel System as they work to counter COVID-19 and help Mongolia reopen. The COVID 19 Ersdel System uses privacy preserving technology from Google and Apple. Each user gets to decide whether or not to opt-in to Exposure Notifications; the system does not collect or use location from the device; and if a person is diagnosed with COVID-19, it is up to them whether or not to report that in the public health app. We will continue to support the work of the Government of Mongolia going forward.” – Tenzin Dolma, Director of Government Affairs & Public Policy COVID -19 ERSDEL нь коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх систем юм. Тодруулбал, хэрвээ та халдвартай хүнтэй 2 метрийн зайд 15 минутаас дээш хугацаанд ойр байсан бол танд мэдэгдэл ирэх юм. Хэрвээ та android үйлдлийн системтэй гар утастай бол COVID-19 ERSDEL аппликейшнийг суулгах, харин iOS үйлдлийн системтэй гар утастай бол утасныхаа Settings руу ороод Exposure Notification -ийг идэвхжүүлэх юм. Мөн Bluetooth тохиргоогоо асаалтай байлгах шаардлагатай гэдгийг Google компанийн зүгээс зөвлөж буй. COVID-19 ERSDEL системийг Монгол Улсад амжилттай нэвтрүүлэхэд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Эрүүл мэндийн яам, Оном сан, Гэрэгэ системийн баг хамт олон чухал үүрэг гүйцэтгэлээ.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

GOOGLE: COVID-19 ERSDEL хөгжүүлэлтэд Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж ажиллах болно Read More »

Холбоочдын “Шар Ордон”

ҮЙЛ ЯВДАЛ Холбоочдын “Шар Ордон” 2021.04.21 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад холбоочдын дунд “Шар ордон” хэмээн нэрлэгдэж буй Төв шуудангийн барилгын талаар өгүүлэх болно. Шар ордонд ажиллаж, ажил, амьдралын гараагаа эхэлсэн олон мянган холбоочид болон хойч үеийнхэнд түүх болсон энэ л барилгын талаар өгүүлэхэд таатай байна. БНМАУ-ын Тээвэр, Холбооны яам 1950-аад оны дунд үеэс шуудан, холбооны үйлчилгээний хүрээг тэлж, шуудангийн цэг, салбарыг олшруулах, нийслэлээс аймагт, аймгаас сумдад шуудан, хэвлэлийг 7 хоногт хүргэх тоо давтамжийг нэмэгдүүлэх, мөн хөдөөгийн харилцаа холбооны байгууллагуудыг тохилог орон байраар хангах, харилцаа холбооны олон улсын хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх талаар тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, “Монгол Улсын харилцаа холбоо, радио, өргөн нэвтрүүлгийн хөгжил, байршлын ерөнхий схем 1957-1970 он” гэсэн анхны төлөвлөгөөг Тээвэр, холбооны яамны орлогч сайд М.Чимиддоржийн удирдлагын дор Олег Александр Константинович нарын зэрэг Зөвлөлтийн мэргэжилтнүүд боловсруулжээ. Энэхүү ерөнхий схемийн дагуу Улаанбаатар хотод харилцаа холбооны төв барилгыг 1960 оны нэгдүгээр улиралд багтаан бариулж, ашиглалтад оруулах талаар 1958 оны 7 дугаар сарын 7-ны өдөр ЗСБНХУ-ын Холбооны яаманд захидал бичсэн байна. Энэ үед холбооны байгууллагууд аж ахуй, санхүү эдийн засгийн хувьд огт бэхжээгүй, 1933-1935 оны үед баригдсан холбооны үйлчилгээний төв барилга нь холбооны үйлдвэр технологийн зориулалтын бус, хэт хуучирсан, халаалт болон хүн ажиллах нөхцөл муугаас гадна холбооны шинэ АТС, техник, тоног төхөөрөмж суурилуулах огт боломжгүй болсон байна. “БНМАУ-ын Харилцаа холбооны ерөнхий хороо нь 1933 онд одоогийн Боловсролын их сургуулийн ар талд модон хашаан дотор модон байшинд, телефон цахилгаан хороо нь шавар байшинд байрлаж байв” гэж ахмад холбоочин Төмөрийн Цэрэн-Очир дурсан бичиж байжээ. БНМАУ-ын Холбооны сайд асан Л.Дамдинжав гуай өөрийн дурдатгалдаа “ … Холбооны төв барилгыг холбооны хөгжлийн ирээдүйн шаардлагыг хангахаар цэвэр үзэмжтэй барьж байгуулах явдал байлаа. Үүнд хөрөнгө, цаг хугацааны олон зүйлийн бэрхшээл тулгарч, нөхөр Л.Дамдинжав өөртөө хөшөө босгохоор зүтгэж байна гэсэн шүүмжлэл зэмлэл хүртэл гарч байсан ч төслөөсөө ухраагүй байна. Энэ нь зөвхөн барилгын асуудал ч биш, хэрэг дээрээ бүх төрлийн холбооны техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх тухай асуудал байсан бөгөөд үнэхээр ч төлөвлөсөн байдлаар шийдэгджээ. Холбооны орлого бага учир ашиглалтын олон чухал арга хэмжээг санхүүжүүлэхэд тээврийн байгууллагуудын оруулсан хөрөнгөөс нэлээд хэсгийг холбооны зарлагад арга буюу авч байсныг холбоочид санаж байх ёстой” гэж тэмдэглэжээ. Харилцаа холбооны төв барилгын ажил шүүмжлэл зэмлэлийн дунд ТХЯ-ны удирдлагуудын идэвхтэй санаачилга, ЗХУ-ын Холбооны яамны тусламж дэмжлэгтэйгээр 1959 оны дундуур эхэлж, ТХ-ны сайдын 1959 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 346 тоот тушаалаар Төв шуудангийн барилгын захиргааг Л.Буджаваар удирдуулан байгуулсан байна. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1960 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар Магсарын Чимэддоржийг томилжээ. ТХ-ны сайдын 1960 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 329 дүгээр тушаалаар харилцаа холбооны төв барилгыг хүлээн авах комиссыг орлогч сайд Д.Доржпаламаар удирдуулан, Л.Буджав, Мял, Полуянов, С.Борхүү, Шижээ нарын бүрэлдэхүүнтэй хэсэг 10 дугаар сарын 5-наас эхлэн барилгын ажлыг, Ж.Самбуу, Ш.Гандорж, П.Сэрээтэр, Чойжилсүрэн, С.Пүрэвсамбуу, Д.Гарам-Очир, Л.Сумьяа, С.Лувсанцэнд, З.Дүгэрсүрэн, С.Батдаваа, Г.Шижээ нарын инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг мөн сарын 20 – ноос эхлэн хүлээн авсан байна. БНМАУ-ын харилцаа холбооны төв барилгыг Ази, Европын аль ч хотын харилцаа холбооны барилгаас дутахааргүйгээр орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр ЗХУ-ын тусламжаар тоноглосон бөгөөд энэхүү барилгыг 1960 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авчээ. Төв барилгын нүүрэн талд “ Монгол, Зөвлөлтийн ард түмний ах дүүгийн найрамдал мандтугай” гэсэн лоозон бичиж хадсан байна. Нээлтийн ажиллагаанд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, МАХН-ын Төв хорооны 2 дугаар нарийн бичгийн дарга Л.Цэнд, нарийн бичгийн дарга Л.Балжинням, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Н.Жагварал, Д.Майдар, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.Лувсанравдан, ТХ-ны сайд М.Чимэддорж нар болон ЗХУ-ын Холбооны сайд Н.Д.Псурцев тэргүүтэй төлөөлөгчид, ЗХУ- аас тус улсад суугаа Элчин сайдыг түр хамаарагч В.И.Левкин, гадаад орнуудаас суугаа Элчин сайдын яамны тэргүүн,гишүүд нар оролцсон байна. Нээлтийн үгийг ТХЯ-ны дэргэдэх намын хорооны нарийн бичгийн дарга Пүрэвжал нээж, ТХ-ны сайд М.Чимиддорж үг хэлжээ. Сайд хэлсэн үгэндээ “Монголын холбоочид бид энхрий хайрт нам, засгийнхаа байнгын анхаарал, ЗХУ-ын тусламжийн ачаар орчин үеийн техник төхөөрөмжөөр тоноглогдсон нийслэл хотын холбооны төв барилгыг баяр ёслолын байдлаар ашиглалтад оруулах гэж байна. Манай энэ баярт ЗХУ-ын Холбооны сайд, бидний хүндэт зочин Николай Демьянович Псурцев оролцож байна. Холбооны төв барилгын ашиглалтад орж байгаа техникийн хэсэг нь 4 давхар 22 метр өндөр, нийтдээ 5190 хавтгай дөрвөлжин метр талбайтай, 132 тасалгаа бүхий 30 гаруй мянган шоо метр багтаамжтай юм. Энэ барилгад механикжсан төв шуудан, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй хот хоорондын телефон, цахилгаан холбооны төв болон олон сувгийн аппарат хэрэгсэл, анхны ээлжид 4000 дугаарын багтаамжтай цаашдаа 10000 цэг хүртэл нэмэгдэж чадах АТС, радио нэвтрүүлгийн зангилгаа зэрэг холбооны үйлчилгээний газруудтай билээ. Энэ нь манай нийслэл хот, улс орны холбооны техник төхөөрөмжийг өргөтгөн хөгжүүлэх одоо цагийн техникийг нэвтрүүлэхэд том бөгөөд чухал алхам боллоо. Энэ барилгад тавигдсан тоноглол төхөөрөмж нь олон тооны нэр төрөлтэй бөгөөд ховор, хүнд нарийн зүйлс байсан боловч тавигдах төхөөрөмж, орох материал нэг бүрийг ЗХУ-ын Холбооны яамнаас бүрдүүлж хугацаанд нь нийлүүлж өгснөөр ажлын зурагт төлөвлөгдсөн ёсоор угсарч тоноглоод ашиглалтад оруулах бололцоо хангагдлаа. Энэ барилга чанар сайтай, цэвэр үзэмжтэй баригдсан бөгөөд зураг төлөвлөгөө ёсоор барьж тоноглох ажилд Улаанбаатар хотын барилга трест, Мебелийн фабрик, Сантехник, цахилгаан монтаж болон Холбооны барилга монтажийн ашиглалтын газрын ажилчид, инженер техникийн ажилтнууд өөрсдийн бүтээлч хөдөлмөр, идэвх санаачилгаа өрнүүлэн ажиллаад, тохиолдсон элдэв бэрхшээлийг амжилттай давж, тавигдсан зорилгоо амжилттай биелүүлэв….”гээд сайд үгийнхээ төгсгөлд ”Холбооны төв барилгыг ашиглалтад хүлээж авч байгаа холбоочид бидний өмнө хариуцлагатай бөгөөд чухал зорилт тавигдаж байна. Өөрийн гардан ажиллах техник төхөөрөмжийг бүрэн эзэмшиж, түүний хүчин чадлыг шавхан гаргаж, үйлчилгээний чанарыг сайжруулан, хэрэглэгч олон түмнийг үргэлж баярлуулан өөрийн техникийн мэргэжил, ерөнхий ба улс төрийн боловсролыг цуцалтгүй дээшлүүлэн, социалист ёсоор ажиллаж сурч, аж төрөх гэсэн манай уралдааны шинэ хэлбэрийг тасаг, ээлж бүрээр өрнүүлж ажиллах хэрэгтэй байна. Харилцаа холбоог хөгжүүлэх гурван таван жилийн төлөвлөгөөг 45 хоногийн өмнө давуулан биелүүлэхээр амласан үүргээ нэр төртэй биелүүлсэн амжилтаа бататгаж, тэр туршлагадаа түшиглэж соёлын довтолгооны эрч хүчийг улам нэмэгдүүлэн, нэгдэл сангийн аж ахуйнуудыг холбоожуулах, айл өрхийг радиожуулах талаар тавигдсан чухал зорилтуудыг нэр төртэй биелүүлэхэд зориг төгөлдөр байгаагаа хамт олныхоо өмнөөс илэрхийлье” гэжээ. (Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номоос 126 дугаар тал ) Монгол Улсын харилцаа холбооны төв барилга буюу бидний нэрлэж заншсанаар

Холбоочдын “Шар Ордон” Read More »

Монголчууд бараа, бүтээгдэхүүнээ Амазонд албан ёсоор борлуулдаг болно

ҮЙЛ ЯВДАЛ Монголчууд бараа, бүтээгдэхүүнээ Амазонд албан ёсоор борлуулдаг болно 2021.04.21 Монголын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд дуулгах таатай мэдээ байна. Тун удахгүй Амазон хэмээх дэлхийн онлайн худалдааны хамгийн том платформ зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ Монголоос албан ёсоор, худалдаалах боломжтой болох гэж байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Амазон компанитай энэ чиглэлд хамтран ажиллаж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрлэгчид гурав сая хүн амтай зах зээлд биш тэрбум хүнтэй зах зээл рүү онлайнаар бараа, бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болох юм. Амазон компани нь дэлхийн 14 оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор 103 улс орнууд бараа, бүтээгдэхүүнээ тус платформ дээр борлуулж байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Монголчууд бараа, бүтээгдэхүүнээ Амазонд албан ёсоор борлуулдаг болно Read More »

Холбооны 5 дахь сайд Б.Гомбосүрэн

ҮЙЛ ЯВДАЛ Холбооны 5 дахь сайд Б.Гомбосүрэн 2021.04.02 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1962-1966 онд Тээвэр, холбооны сайдаар ажиллаж байсан Бат-Очирын Гомбосүрэнгийн тухай нийтэлж байна. Б.Гомбосүрэн нь 1932 онд Архангай аймгийн Тариат сумын нутагт төрж, 1942-1952 онд бүрэн дунд сургууль, 1952-1957 онд ЗХУ-ын Москва хот дахь Төмөр замын инженерийн дээд сургуульд суралцаж, зам харилцааны инженер-эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Тэрээр 1957-1959 онд Улаанбаатар төмөр замын газарт тоо бүртгэгч, ахлах инженер, төлөвлөгөөний хэлтсийн орлогчоор, 1959-1962 онд Улсын барилга- эдийн засгийн комиссын орлогч бөгөөд ерөнхий захиалагчийн газрын даргын албыг хашиж байгаад, 1962 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар томилогдон, 1966 он хүртэл ажилласан байна. Түүний ажилласан хугацаанд 1963 оны эхнээс Төмөр замын техникумын холбооны салбарт хамгийн олон сурагчид суралцаж, утсан харилцааны оройн хоёр анги хичээллэж байв. Тээвэр, холбооны яамны харьяанд Холбооны удирдах газрыг байгуулсан ба тус газрын шуудангийн албанд улс хоорондын шуудан солилцох тасаг, аймаг хотуудад шуудангийн 10 гаруй салбарыг шинээр байгуулж, БНМАУ- БНАВУ-ын цахилгаан шуудангийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулж, 1964 онд Австри улсын Вена хотноо болсон Дэлхийн шуудан холбоо /ДШХ/-ны 15 дугаар Их хурлаас БНМАУ-ыг ДШХ-ны гишүүнээр элсүүлэх ажлыг зохион байгуулжээ. Б.Гомбосүрэн сайдын ажиллах хугацаанд улс орныг хөгжүүлэх “Гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажил ид өрнөж байжээ. МАХН-ын 15 дугаар Их хурлын тайлан илтгэлд Ю.Цэдэнбал “Ойрын жилд бүх төрлийн холбоог улам хөгжүүлэх, ялангуяа аймгийн төвийг бүх хөдөө аж ахуйн нэгдэлтэй телефон буюу радио харилцаатай болгох, хөдөөгийн иргэдийг радиожуулах зорилтыг шийдвэрлэх явдал чухал байна” гэж Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх гуравдугаар таван жилийн хугацаанд харилцаа холбооны талаар тавих зорилтыг тодорхойлсон байна. Морин өртөөнөөс өөр харилцаа холбооны хэрэгсэлгүй байсан Монгол орон ардын хувьсгал ялан мандсанаас хойших 40 жилийн дотор техник хэрэгслээр тоноглогдсон шуудан, телефон, телеграф, радио холбооны салбарууд бүхий орчин үеийн холбоотой болсон байлаа. Улаанбаатараас аймгийн хооронд 1964 оны 10 дугаар сарын 8-аас эхлэн АН-24 онгоцоор үйлчилж эхэлсэн нь алслагдсан аймгуудад шуудан, хэвлэлийг түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж, 150 орчим сум, сангийн аж ахуйд онгоцоор шуудан хүргэдэг болжээ. Түүхэн энэ үед монголын шууданчид шуудангийн үйлдвэрлэл, үйлчилгээнд шинэ шинэ техник, технологи нэвтрүүлэх, ашиглалтын дүрэм, журмыг боловсруулж мөрдөх, олон улсын шуудангийн байгууллагуудтай хамтын ажиллагаа, харилцаа холбоо тогтоох, өргөтгөх зорилт тавин ажиллаж байжээ. Тээвэр, холбооны сайдын 1962 оны 3дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар шуудангийн сав, шуудайны тооцоог сайжруулах, богц нэг бүрийг дугаартай болгох, богц солилцох бүртгэлийн маягтыг баталж, сар бүрийн эцэст тооцоог нийлэн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх талаар журамласан байна. Аймгийн шуудан тасгийн эрхлэгчдийн 15 хоногийн семинарыг 1962 оны 8 дугаар сарын 15-аас хийж, хот, хөдөөгийн шуудангийн ажилтнуудаас мэргэжлийн зэргийн шалгалтыг анх удаа авч ТХ-ны сайдын 1962 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 447 дугаар тушаалаар мэргэжлийн зэрэг олгосон байна. ТХ-ны сайдын 1963 оны 18 дугаар тушаалаар шуудан хүргэгчийн цүнхний загварыг анх удаа баталж, 100 ширхгийг хийлгэж, шуудан хүргэлтэд заавал цүнхтэй гаргах журам тогтоожээ. Улс орны болон томоохон суурин газрын хэмжээнд шуудангийн салбарын тоо нэмэгдэж олшрох тусам салбаруудыг дугаарлах, түүгээр нэрлэж занших нь чухал бөгөөд ТХ-ны сайдын 1963 оны 2 дугаар сарын 22-ны 145 дугаар тушаалаар УБ хотын холбооны салбаруудыг газар зүйн байршил, байрлах албан газар, байгууллагаар нь нэрлэж байсныг болиулан, салбаруудыг дугаарлан, түүгээр нэрлэж заншихаар болжээ. Б.Гомбосүрэн нь 1967-1993 он хүртэлх 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсаас ЗХУ, Югослав улсын элчин сайдын яамны худалдааны төлөөлөгч, худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, Гадаад худалдааны яамны Төрөл бүрийн барааны импорт нэгдлийн ба тээврийн хэлтсийн дарга, Гаалийн ерөнхий газарт хуулийн зөвлөх зэрэг албыг гүйцэтгэж байлаа. Тэрээр тээвэр, холбоо, худалдааны байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй хөдөлмөрлөн Онц холбоочин тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнагдаж байжээ. Түүнчлэн МАХН, МХЗЭ-ийн Төв хорооны болон Улаанбаатар төмөр замын нам, эвлэл, үйлдвэрчний байгууллагын бүгд хурлын гишүүн, Ардын Их хурлын Депутатаар сонгогдон ажиллаж байсан нь түүний ажилч, хичээнгүй нэгэн байсныг илтгэж буй билээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номоос Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Холбооны 5 дахь сайд Б.Гомбосүрэн Read More »

Холбооны дөрөв дэх сайд Магсарын Чимиддорж

ҮЙЛ ЯВДАЛ Холбооны дөрөв дэх сайд Магсарын Чимиддорж 2021.03.25 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. 100 жилийн ой хүрээнд салбарын түүхэн замналыг цуврал нийтлэлээр хүргэж буй. Бид энэ удаад Холбооны 4 дэх сайд М.Чимэддоржийн тухай өгүүлж байна. Мушаадан овгийн Магсарын Чимэддорж 1923 онд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Улз голын ойр орчимд төржээ. 1933-1934 онд сумын бага сургуульд суралцан төгсөөд, жинчин болж, холбооны мэргэжилд дур сонирхолтой болсон тухайгаа “ … тэр үед арван хэдтэй хүү би жинчин болж, Онон голоос Баянтүмэн, Тамсагбулаг, Матад сум хүртэл үхэр тэргээр холбооны шугамын багана мод тээвэрлэж байлаа. Хүнд ачаатай үхэр тэрэг хөтөлж яваа хүүд урьд үзээгүй зүйл, олон янзын машинтай монгол, орос цэрэг дарга нар давхих нь сэтгэлд нэгийг бодогдуулна. Ялангуяа өдөр, шөнөгүй яваад байхад тасралтгүй үргэлжлэх холбооны агаарын урт шугам миний сонирхлыг гойд татаж байлаа. Энэ шугамыг харахад гайхамшигтай цэх шулуун тавигдсан, мод бүр нь өөрийн дугаартай, орой нь жигд бөгөөд цэвэрхэн тэр хэсэгт нь дэгээ, лонх суулгаж, төмөр утас татаж, тэгээд дүнгэнэж дуугарах нь бүр ч сонирхолтой, түүгээр ямар нэгэн чухал мэдээ дамждаг байх гэсэн бодол төрдөг байлаа. Энэ шугам байгуулдаг ажилтай бол ямар сайхан бэ, гэсэн бодол санаанаас гардаггүй боллоо. Ингэж явахдаа Улаанбаатар хотын холбооны сургуульд орж, шугам байгуулдаг мэргэжилтэй болохоор 1940 оны зун шийдэж билээ” хэмээн дурсан бичжээ. М.Чимиддорж 1940 онд Улаанбаатар хотод ирж, төсөр утасны сургуульд орж, 1944 онд холбооны техникумыг утсан харилцааны техникчийн мэргэжлээр төгсжээ. Түүнийг Улаанбаатар хотын телефон хорооны станцын шугамын хэсэгт механикч- монтёроор томилж, утасны модонд гарах, агаарын шугам шалгаж засах болон аюулгүй ажиллах арга техникийг эзэмшүүлсний дараа Их тэнгэрт тавигдсан утаснуудыг буюу Монгол Улсын төр засгийн удирдлагуудын тусгай холбооны ашиглалт үйлчилгээг гардан хариуцуулжээ. Дээрх үүргээ хариуцлагатай гүйцэтгэж, 1944-1946 онд тусгай байрны телефон техникчээр ажиллаж, мөн Холбооны техникумд багшилж байв. Үүний зэрэгцээ тэрээр МУИС-ийн бэлтгэл ангид оройгоор суралцан, өөрийн мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарч байлаа. МУИС-ийн тоо физикийн ангид суралцах болсноо сайд З.Аюурзанад танилцуулсан боловч эхлээд чухал ажил хариуцсан сайдын мэдлийн хүн атлаа зөвшөөрөлгүй ажлаа орхин сургуульд явах гэлээ гэж зэмлүүлж, сайд “Холбооны мэргэжлээр инженерийн дээд сургуульд гадаадад явуулбал чи суралцаж чадах уу” гэж асуусан гэдэг. Ийнхүү ЗХУ-ын холбооны сургуульд суралцуулахаар бэлтгэл хийж, 1946 онд Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуульд суралцахаар элсэн орж, 1951 онд тус сургуулийг радио холбооны инженерийн мэргэжлээр амжилттай төгссөн бөгөөд Монгол Улсын холбооны салбарын анхны инженер болсон байна. Тэрээр 1952 оноос Холбооны яаманд инженер, ерөнхий инженер, Холбооны яам болон Тээвэр холбооны яамны орлогч сайдаар ажиллаж байгаад БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1960 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар томилогджээ. Түүний Монгол Улсын харилцаа холбооны хөгжилд оруулсан үнэт гавьяа бол БНМАУ-ын харилцаа холбоог 1960-1975 онд хөгжүүлэх ерөнхий схем байсан бөгөөд энэ ерөнхий схемээс анхлан баригдсан томоохон төслүүд нь Холбооны төв барилга, Хонхор дахь радио нэвтрүүлэх төв, Наран дахь харилцаа холбооны зохицуулах хорооны радио долгионы хяналтын төв болон нийслэл аймаг, хоорондын шугамын өргөтгөн шинэчилж өнгөт шугам өлгөж телефоноор харилцуулах ажлыг эхлүүлсэн юм. М.Чимиддорж сайд шинийг санаачлагч байсан нь тэр 1939 онд Чойбалсан Тамсагбулгийн хооронд байгуулсан төмөр замыг хурааж шугамын баганын төмөр хөл хийж бэхлэх ажил байсан бөгөөд эзгүй хээр төмөр замын ган рельсийг тайрна гэдэг хүний ой тойнд оромгүй ажлыг идэр есийн хүйтэнд, үүрийн таван жингийн жавраар рельсээ тайрах газраа дэр тавьж байгаад хасуураар ором гаргаад үзүүр дээр нь лантуугаар цохиход хугардаг технологи нэвтрүүлсэн нь гайхалтай үр дүн өгч уул төмөр замыг 1957-1960 онд гуравхан өвөл хурааж Улаанбаатар, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Улаанбаатар, Архангай, Улаанбаатар Хужирт, Өвөрхангай чиглэлийн шугамын баганыг хөллөсөн нь тэдгээр шугамын бэхжилтийг шийджээ. М.Чимиддорж сайд 1962 онд Их Эзэн Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойгоор 4 ширхэг шуудангийн марк гаргасан нь дэлхийд маш үнэтэй цуглуулгын зүйл болсон бөгөөд гүйлгээнд гаргаад гурав хонож байтал ЗХУ-ын коммунист намын Төв Хорооны шахалтаар Чингис хааны ойг тэмдэглэх ажлыг зогсоосон учир борлуулалтыг хааж байсан ч ардчилсан хувьсгалын дараагаар хорио нь тавигдсан юм. Эх орныхоо түүхтэй холбоотой ийм марк гаргах зоригтой хүн социалист үзэл суртлын хатуу дэглэмийн үед ганцхан М.Чимиддорж гуай байсан бөгөөд түүнийг нь дэмжсэн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, нарийн бичгийн дарга Дарамын Төмөр-Очир албан тушаалаас авахууны үндсэрхэг үзэл дэлгэрүүлэгч хэмээн буруутгагдаж байв. М.Чимиддорж 1962 оны намар Тээвэр холбооны сайдын ажлаасаа чөлөөлөгдсөн ЗХУ дахь БНМАУ-ын Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр томилогдсон бөгөөд энэ албаа хорь гаруй жил хашихдаа улсын харилцаа холбоог хөгжүүлэх анхдагч ба хоёрдогч ерөнхий схемийн зорилгыг биелүүлэх хэрэгт хүчин зүтгэж бүрэн биелүүлэхэд хүндтэй гавьяа байгуулсан ахмад холбоочин байсан. Тэрээр 1960-1973 онд АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байсан бөгөөд түүний хөдөлмөрийг өндрөөр үнэлж, “ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”- гоор 2 удаа, “ Алтан гадас” одон, “Монгол Улсын гавьяат эдийн засагч” цол, ЗХУ-ын “Улс түмний найрамдлын одон”- оор тус тус шагнажээ. Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын зөвлөх инженер Н.Цэвээндарь Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Холбооны дөрөв дэх сайд Магсарын Чимиддорж Read More »

Холбооны 3 дахь сайд Л.Дамдинжав

ҮЙЛ ЯВДАЛ Холбооны 3 дахь сайд Л.Дамдинжав 2021.02.22 Холбооны 3 дахь сайд Л.Дамдинжав нь 1923 онд мэндэлжээ. Тэрээр бага залуугаасаа радио узелийн техникч Бадамын Чүлтэм гэдэг хүнтэй танилцаж, заавраар нь радио шугамын байдал, радиогийн сонсголыг шалгах, ойр зуурын гэмтэл засах зэрэг ажлыг сайн дураараа цалингүйгээр, дагалдангаар ажиллан радио монтёрын ажил хийж, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Сайн дураараа ажиллах явцдаа Аймгийн эвлэлийн хорооны даргын заавраар бичээчийн ажлыг тал цалингаар хийдэг байв. Энэ үед Аймгийн эвлэлийн хорооны дарга түүнийг радио узелийн ажилд сонирхолтой гэдгийг анзаарч, аймгийн холбоонд ажиллуулахаар илгээж, холбооны газрын дарга Б.Нямаагийн тушаалаар радио узельд дагалдан техникчийн албан тушаалд томилогдон, цалин хөлстэй орон тооны “Холбоочин” болжээ. Ийнхүү өдрийн цагт радио шугамын засвар үйлчилгээ хийх, айлуудад “дугуй хар” тавих засах, оройн цагаар радио узелийн жижүүрийн ажлыг хийдэг байсан байна. Дарга Б.Нямаа нь 1940 онд Улаанбаатарт Холбооны сургуульд суралцах санал тавьсаныг нь дуртайяа зөвшөөрч байв. Холбооны сургууль тэр үеийн усны гудамжны адагт байх бөгөөд үеийн нөхдийн хамт шамдан суралцахаар сэтгэл шулуудаж, сургууль нь дөнгөж техникум болж байсан тул техникийн бааз суурь хангалтгүй ч сахилга бат зохион байгуулалт сайтай, өндөр мэдлэгтэй багш нартай байжээ. Сурагчид цэрэгжүүлсэн формын хувцастай, жагсаалын сургууль хийдэг байв. Цэрэгжүүлсэн харилцаа холбооны ерөнхий хорооны даргын 1943 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар холбооны ангийн төгсөх ангийн сурагчид радио станц, радио зангилаанд дадлага хийж, дараа нь дутуу хичээлээ нөхөн хийж, 12 дугаар сард сургуулиа төгсчээ. Радио нэвтрүүлэх 1 дүгээр станцад дадлагын ажлаа хийж дуусаагүй байхад нь Холбооны ерөнхий газрын захирлын тушаалаар радио нэвтрүүлэх 2 дугаар станцад даргаар томилогдсон байна. Энэхүү станц нь улс орны батлан хамгаалах бодлогын үүднээс 1941-1943 онд шинээр байгуулагдаж радио өргөн нэвтрүүлэг, радио холбоонд ашиглагдаж чухал үүрэг гүйцэтгэжээ. Харилцаа холбоо нь цэрэгжүүлсэн байгууллага байсан болохоор яам нь хариуцлага алдсан хүнийг цээрлүүлэх шоронтой байсан бөгөөд тэрээр дурсамжиндаа “Би дэлхийн 2 дугаар дайны төгсгөл ойртож буй үед цэрэгжүүлсэн харилцаа холбооны яамны радио хэлтсийн даргаар ажиллаж дотоод, гадаадын радио харилцаа, өргөн нэвтрүүлгийн техник, зохион байгуулалтын ажлыг хариуцаж байсан. Нэгэн удаа Увс аймгаас Засгийн газарт ирэх шифрийг цагт нь авч чадаагүйгээс болж Дэчингийн Дэндэв сайд дуудаад чухал яаралтай шифр мэдээг саатуулсан учир таван хоног сахилгад хоригдсон билээ” гэжээ. Түүнчлэн дурсамжиндаа “Холбооны яамны мэдэлд байсан бүх радио нэвтрүүлэх, хүлээн авах станц, зангилаануудыг ажиллагаанд саадгүй байлгах, сонсголыг шалгаж орон нутгаас мэдээ авч, мэдэгдэх үүргийг 1945 оны 8 дугаар сарын 10-нд сайдаас өгсөнийг бэлэн болгоод байтал Маршал Чойбалсан гуай хэдэн хүний хамт орж ирээд ирж, явуут дундаа ёсолж мэндлээд радио зангилаа руу ороод микрофоны дэргэд суулаа. БНМАУ-ын Ерөнхий сайд маань МОНГОЛ УЛСЫГ чөлөөлөх дайнд орох болсныг эндээс зарласан юм” гэж бичжээ. Гучхан настайдаа БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1953 онд Холбооны сайдаар томилогдсон байна. 1955 оны 1 дүгээр сарын 20 –нд Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны хурлаар 1954 онд багуудыг радиожуулсан дүнгээр 500 багийг радиожуулж бүх багийн тавны нэгийг радиожуулсныг танилцуулж, 1955 онд 800 радио хүлээн авагчаар баг, бүх ардын үйлдвэрлэлийн нэгдэл, өвс хадах станц, тээврийн буудлуудыг бүрэн радиожуулах үүргийг авч, 1956 онд радиожуулах төлөвлөгөөг хэлэлцүүлэв. Улс орноо радиожуулах, радио өргөн нэвтрүүлэг, радио холбооны техник төхөөрөмжийг шинэчлэн хөгжүүлэх тухай асуудал анхдугаар таван жилийн төлөвлөгөөг боловсруулах үеэс Улаанбаатар хотод их хүчний станц байгуулах асуудал эрчимтэй яригдаж, 1956 оны 2 дугаар сард хуралдсан Намын Төв Хорооны дөрөвдүгээр бүгд хуралд: “Хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд бүх сум, баг, нэгдэл,станц, сангийн аж ахуйнууд болон манай орны өнцөг буланд газар сайгүй радио хүлээн авагч ажиллах болно. Радио нэвтрүүлэх станцын хүчин чадал бага бөгөөд 250-300 км-ээс цааших газарт хэвийн сонсголоор хангаж чадахгүй байна. Энэ асуудлыг нэгдүгээр таван жилийн төлөвлөгөөнд тусгуулсан боловч хөрөнгө мөнгөгүйн улмаас хойшлогдсон, хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд хөрөнгө хүрэлцээгүйн улмаас хасагдсан тул Улаанбаатар хотод их хүчний станц байгуулах ажлыг 1956 онд яаралтай эхлүүлэх нь нэн чухал байна” гэж Холбооны сайд Л.Дамдинжав хэлжээ. Тус бүгд хурлаас хойш удалгүй 1956 оны 10 дугаар сард МАХН-ын Улс төрийн Товчооны хурлаар “Орон нутгийг радиожуулах ба хүн амыг радиогоор үйлчлэх ажлын байдал болон шуудангийн ажиллагаа тэдгээрийг сайжруулах арга хэмжээний тухай” сайдын илтгэлийг авч хэлэлцээд бүх сум, багуудын 63%, хөдөө аж ахуйн 208 нэгдэл, өвс хадах 42 станцад эх орон хүлээн авагч тавигдсан боловч энэ нь хүрэлцээ хангалтгүй, радио өргөн нэвтрүүлгийн төв станцын техник, тоног төхөөрөмж хуучирч хоцрогдсон ба нэвтрүүлэх чадал бага байгаа зэргийг харгалзан дараах асуудлыг уг хурлаас онцлон, Холбооны сайдад даалгасан байна. Үүнд: Радиожуулалт, радио холбоог 1957-1970 онд хөгжүүлэх ерөнхий схемийг зохиож, МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлд 1957 оны 5 дугаар сарын 1-ний дотор ирүүлсүгэй гээд ерөнхий схемд радио нэвтрүүлэх төвийн хэрэгсэл нь: А. Төвийн радио нэвтрүүлгийн үндсэн программыг тус орны бүх нутаг дэвсгэр дээр сайн сонсгож, хоёрдугаар программыг төвийн хэсэгт, казах хэлний нэвтрүүлгийг тус орны баруун хэсэгт сонсгохоор тооцоолж, мөн гадаадад зориулсан нэвтрүүлгийг оруулах, Б. Улаанбаатар хотод зурагт радиогийн төвийг байгуулах, В. Төв суурин газрууд ба сумын төвийг радио зангилаагаар,цөөн хүн амтай нутгуудыг радио хүлээн авагчаар радиожуулах, Г.Радио холбоог улс ардын аж ахуй ба ард түмний хэрэгцээг хангахаар төлөвлөх гэж заажээ. Үүнээс гадна МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс Улаанбаатар хот болон хотоос аймгуудад, аймгаас сумдад шуудан хэвлэл хүргэлтийг сайжруулах талаар 1954 оны 2 дугаар сарын 4- ний өдөр 8/29 дүгээр тогтоол гаргаж, “ Нийслэл хотод шуудан бичгийг гэрээр хүргэх, Улаанбаатар ба аймгуудын хооронд шуудан солилцох ажлыг хоёрдугаар таван жилийн дотор долоо хоног тутам 3 удаа болгох, Налайх, Биокомбинат, Нисэх онгоцны буудал, Сэлбийн амралт, Сүрьеэ өвчнийг анагаах больниц зэрэг газруудаар шуудан хэвлэлийг тасралтгүй хүргэж өгөх явдлыг хангах, мөн хөдөлмөрчдөд үйлчлэх шуудангийн хайрцгийг 15- ыг энэ оны улиралд багтаан Улаанбаатар хотод байрлуулах, уг хайрцаганд хийсэн зүйлсийг өдөрт 2 удаа гаргаж авч байх”-ыг даалгажээ. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Холбооны яамнаас холбогдох арга хэмжээг авч ажилласаны дүнд 12 аймагт автотээврийн баазыг шинээр байгуулах, Архангай, Говь- Алтай, Булган, Увс, Ховд, Чойбалсан аймгийн авто өртөөдийг аймгийн тээврийн хуучин баазуудад шилжүүлж, хуучин авто өртөөдөд байсан 91 автомашин дээр ГАЗ- 51 маркийн 102 автомашин шинээр авч өгчээ. Үүний үр дүнд Архангай 13, Баян-Өлгий 10, Баянхонгор 12, Булган 9, Говь- Алтай 13, Дорноговь 9, Дундговь 9, Өвөрхангай 13, Өмнөговь 9, Завхан 13, Сүхбаатар 9, Сэлэнгэ 7, Төв 12, Увс 12, Чойбалсан 10, Ховд 10, Хөвсгөл 13, Хэнтий аймаг 10 авт машинтай болсон байна. Улсын хэмжээнд 1954 оны эцэст шуудан холбооны 61 салбартай, үүнээс 5 нь Улаанбаатар

Холбооны 3 дахь сайд Л.Дамдинжав Read More »