Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Холбооны 5 дахь сайд Б.Гомбосүрэн

2021.04.02

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1962-1966 онд Тээвэр, холбооны сайдаар ажиллаж байсан Бат-Очирын Гомбосүрэнгийн тухай нийтэлж байна. Б.Гомбосүрэн нь 1932 онд Архангай аймгийн Тариат сумын нутагт төрж, 1942-1952 онд бүрэн дунд сургууль, 1952-1957 онд ЗХУ-ын Москва хот дахь Төмөр замын инженерийн дээд сургуульд суралцаж, зам харилцааны инженер-эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Тэрээр 1957-1959 онд Улаанбаатар төмөр замын газарт тоо бүртгэгч, ахлах инженер, төлөвлөгөөний хэлтсийн орлогчоор, 1959-1962 онд Улсын барилга- эдийн засгийн комиссын орлогч бөгөөд ерөнхий захиалагчийн газрын даргын албыг хашиж байгаад, 1962 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар томилогдон, 1966 он хүртэл ажилласан байна. Түүний ажилласан хугацаанд 1963 оны эхнээс Төмөр замын техникумын холбооны салбарт хамгийн олон сурагчид суралцаж, утсан харилцааны оройн хоёр анги хичээллэж байв. Тээвэр, холбооны яамны харьяанд Холбооны удирдах газрыг байгуулсан ба тус газрын шуудангийн албанд улс хоорондын шуудан солилцох тасаг, аймаг хотуудад шуудангийн 10 гаруй салбарыг шинээр байгуулж, БНМАУ- БНАВУ-ын цахилгаан шуудангийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулж, 1964 онд Австри улсын Вена хотноо болсон Дэлхийн шуудан холбоо /ДШХ/-ны 15 дугаар Их хурлаас БНМАУ-ыг ДШХ-ны гишүүнээр элсүүлэх ажлыг зохион байгуулжээ. Б.Гомбосүрэн сайдын ажиллах хугацаанд улс орныг хөгжүүлэх “Гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажил ид өрнөж байжээ. МАХН-ын 15 дугаар Их хурлын тайлан илтгэлд Ю.Цэдэнбал “Ойрын жилд бүх төрлийн холбоог улам хөгжүүлэх, ялангуяа аймгийн төвийг бүх хөдөө аж ахуйн нэгдэлтэй телефон буюу радио харилцаатай болгох, хөдөөгийн иргэдийг радиожуулах зорилтыг шийдвэрлэх явдал чухал байна” гэж Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх гуравдугаар таван жилийн хугацаанд харилцаа холбооны талаар тавих зорилтыг тодорхойлсон байна. Морин өртөөнөөс өөр харилцаа холбооны хэрэгсэлгүй байсан Монгол орон ардын хувьсгал ялан мандсанаас хойших 40 жилийн дотор техник хэрэгслээр тоноглогдсон шуудан, телефон, телеграф, радио холбооны салбарууд бүхий орчин үеийн холбоотой болсон байлаа. Улаанбаатараас аймгийн хооронд 1964 оны 10 дугаар сарын 8-аас эхлэн АН-24 онгоцоор үйлчилж эхэлсэн нь алслагдсан аймгуудад шуудан, хэвлэлийг түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж, 150 орчим сум, сангийн аж ахуйд онгоцоор шуудан хүргэдэг болжээ. Түүхэн энэ үед монголын шууданчид шуудангийн үйлдвэрлэл, үйлчилгээнд шинэ шинэ техник, технологи нэвтрүүлэх, ашиглалтын дүрэм, журмыг боловсруулж мөрдөх, олон улсын шуудангийн байгууллагуудтай хамтын ажиллагаа, харилцаа холбоо тогтоох, өргөтгөх зорилт тавин ажиллаж байжээ. Тээвэр, холбооны сайдын 1962 оны 3дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар шуудангийн сав, шуудайны тооцоог сайжруулах, богц нэг бүрийг дугаартай болгох, богц солилцох бүртгэлийн маягтыг баталж, сар бүрийн эцэст тооцоог нийлэн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх талаар журамласан байна. Аймгийн шуудан тасгийн эрхлэгчдийн 15 хоногийн семинарыг 1962 оны 8 дугаар сарын 15-аас хийж, хот, хөдөөгийн шуудангийн ажилтнуудаас мэргэжлийн зэргийн шалгалтыг анх удаа авч ТХ-ны сайдын 1962 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 447 дугаар тушаалаар мэргэжлийн зэрэг олгосон байна. ТХ-ны сайдын 1963 оны 18 дугаар тушаалаар шуудан хүргэгчийн цүнхний загварыг анх удаа баталж, 100 ширхгийг хийлгэж, шуудан хүргэлтэд заавал цүнхтэй гаргах журам тогтоожээ. Улс орны болон томоохон суурин газрын хэмжээнд шуудангийн салбарын тоо нэмэгдэж олшрох тусам салбаруудыг дугаарлах, түүгээр нэрлэж занших нь чухал бөгөөд ТХ-ны сайдын 1963 оны 2 дугаар сарын 22-ны 145 дугаар тушаалаар УБ хотын холбооны салбаруудыг газар зүйн байршил, байрлах албан газар, байгууллагаар нь нэрлэж байсныг болиулан, салбаруудыг дугаарлан, түүгээр нэрлэж заншихаар болжээ. Б.Гомбосүрэн нь 1967-1993 он хүртэлх 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсаас ЗХУ, Югослав улсын элчин сайдын яамны худалдааны төлөөлөгч, худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, Гадаад худалдааны яамны Төрөл бүрийн барааны импорт нэгдлийн ба тээврийн хэлтсийн дарга, Гаалийн ерөнхий газарт хуулийн зөвлөх зэрэг албыг гүйцэтгэж байлаа. Тэрээр тээвэр, холбоо, худалдааны байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй хөдөлмөрлөн Онц холбоочин тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнагдаж байжээ. Түүнчлэн МАХН, МХЗЭ-ийн Төв хорооны болон Улаанбаатар төмөр замын нам, эвлэл, үйлдвэрчний байгууллагын бүгд хурлын гишүүн, Ардын Их хурлын Депутатаар сонгогдон ажиллаж байсан нь түүний ажилч, хичээнгүй нэгэн байсныг илтгэж буй билээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номоос Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Other news

Япон Улсын хиймэл оюун ухааны хөгжлөөс суралцана

ҮЙЛ ЯВДАЛ Япон Улсын хиймэл оюун ухааны хөгжлөөс суралцана 2022.09.15 Монгол, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Япон дахь хиймэл оюун ухааны судалгааны өнөөгийн байдал, хөгжил” сэдэвт лекц, хэлэлцүүлгийг Япон Улсын Элчин сайдын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран зохион байгууллаа. Лекцийг хиймэл оюун ухаан судлалаар дэлхийд алдартай эрдэмтэн, Токиогийн их сургуулийн проффессор Мацүо Ютака цахимаар орж, өөрийн орны сайн туршлагыг хуваалцан, эл сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын албан хаагчдыг чадавхжуулж, мэдлэг дээшлүүлэх ач холбогдол бүхий тус лекц, хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яамны удирдлагууд, харьяа байгууллагын төлөөллүүд оролцон мэдээлэл солилцлоо. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Төрийн албаны ерөнхий шалгалт нийслэл, орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна

ҮЙЛ ЯВДАЛ Төрийн албаны ерөнхий шалгалт нийслэл, орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна 2022.10.15 Монгол Улсын Засгийн газраас төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай хүргэх зорилт тавин ажиллаж байна. Төрд мэргэшсэн, чадавхтай боловсон хүчин ажиллуулах нь энэхүү зорилтыг хэрэгжүүлэх гол хүчин зүйл бөгөөд үүнтэй холбоотойгоор иргэдийг төрийн албанд сонгон шалгаруулж авах шалгалтын агуулга төдийгүй шалгалтыг зохион байгуулах арга хэлбэр улам бүр боловсронгуй болж байна. Энэ удаагийн шалгалт нь цахим хэлбэрээр зохион байгуулагдаж буй 7 дахь удаагийн шалгалт бөгөөд 5885 иргэн бүртгүүлсний 2788 нь Улаанбаатар хотоос бусад нь орон нутгаас байна. Төрийн албаны ерөнхий шалгалт цахимжсанаар Монгол Улсын өнцөг булан бүрээс иргэд шалгалтад бүртгүүлэх, амьдарч байгаа газраасаа шалгалтаа өгөх боломжийг бүрдүүлснээрээ давуу талтай юм. Шалгалтын зохион байгуулалтад Төрийн албаны зөвлөлөөс гадна цагдаа, тагнуулын байгууллага зэрэг мэргэжлийн албад шалгалтын үйл явцад хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлж, Төрийн албаны зөвлөлийн систем, серверийн хэвийн найдвартай ажиллагааг Үндэсний дата төв хариуцан ажиллаж байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“Цахим засаглалын хөгжлийн индекс-2022” зарлагдлаа

ҮЙЛ ЯВДАЛ “Цахим засаглалын хөгжлийн индекс-2022” зарлагдлаа 2022.09.29 НҮБ-аас 2 жил тутамд “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ийг шинэчлэн гаргадаг. Монгол Улсын хувьд 2018, 2020 онуудад зарлагдсан индексээр НҮБ-ын гишүүн 193 орноос 92 дугаар байранд орж байсан бол 2022 онд энэ байр урагшилж 74 дүгээр байранд орж, цахим засаглалын хөгжлийн индексээр 18 байр урагшиллаа.   Энэхүү индексийг нэг жил гаруйн хугацаанд хөндлөнгийн баг судалж, гаргадаг бөгөөд улс орнуудын харилцаа холбооны дэд бүтцийн хөгжил, төрийн цахим үйлчилгээний тоо, иргэдийн цахим ур чадварын үзүүлэлт, хүний нөөцийн хөгжил, иргэдийн цахим оролцоо, хууль эрх зүйн орчин, тухайн улсын урт хугацааны бодлого, дижитал хөгжлийн бодлого, стратеги, ил тод нээлттэй байдал зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үздэг. Энэ бол та бидний хамтын амжилт юм. Сүүлийн 2 жилийн хугацаанд “E-Mongolia” цахим систем хэрэглэж, цахим засаглалыг дэмжиж ирсэн иргэд та бүхэнд баярлалаа. Мөн шинэ технологи инновац зогсолтгүй нэвтрүүлсээр ирсэн салбарын хамт олондоо баяр хүргэе! Энэ бол Цахим үндэстэн болох дөнгөж эхлэл юм. Цахим үйлчилгээний индекс (Online service index) 2020 онд 0.5294 бол 2022 0.6263 болж огцом өссөн байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ