Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Хүний хувийн мэдээллийг хамгаалах болон холбогдох бусад хууль, журмын төсөл дээр хамтарна

2022.04.18

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулиуд ирэх 05 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд эдгээр хуулийг дагаж 30 гаруй эрх зүйн акт батлагдан гарна. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн дагуу Мэдээллийн эзний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөхүйц шийдвэр гаргах, хүний эмзэг мэдээллийг байнга боловсруулах үнэлгээ хийх аргачлал, журмыг болон Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавигдах шаардлага, анхааруулгад тусгах мэдээллийг Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг үндэслэн Цахим хөгжил, харилцаа холбооны яам батлах юм. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа, холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо, Шуудан, өргөн нэвтрүүлгийн хэлтсийн дарга А.Золзаяа нар ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Г.Нарантуяа, гишүүн Д.Сүнжид нартай өнөөдөр уулзаж, уг хуулиудыг дагаж гарах эрх зүйн актын боловсруулалтын явц, бэлтгэл ажлын хэрэгжилтийн талаар тодрууллаа. Цахим орчинд хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон асуудлууд сүүлийн үед хөндөгдөж буй учир хүний хувийн мэдээллийг хамгаалахад хоёр байгууллага нягт хамтран ажиллах шаардлага зүй ёсоор урган гарч байгааг ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан уулзалтын үеэр онцлов. Түүнчлэн шинэчлэн батлагдсан хүний хувийн мэдээллийг хамгаалах болон холбогдох бусад хууль тогтоомжийн талаар иргэдэд тэнцвэртэй, зөв мэдээлэл ойлголт өгөх, олон нийтэд таниулан сурталчлахад Комиссыг хамтран ажиллахыг тус яамнаас хүсэж, хоёр байгууллагын төлөөлөл дахин уулзаж, журмын төслийг эцэслэн боловсруулахаар тохиролцов.

Other news

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал БНСУ-ын Сөүл хотноо 2024 оны 3 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Хиймэл оюун ухаан-Дижитал технологи ба Ардчилал” сэдэвт “Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт”-д Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Жу Тэ Ёль-ийн урилгаар оролцож байна. Дээд түвшний уулзалтанд БНСУ-ын Eрөнхийлөгч Юн Сог Ёль, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Их Британийн Шадар сайд Оливер Доуден болон Эстони, Швед, Шинэ Зеланд, Энэтхэг, Австрали зэрэг 30 орчим улсын гадаад харилцаа, цахим засаглал, мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн сайд нар оролцож байна. Сайд Н.Учрал энэ үеэр “Хиймэл оюун ухаан-Дижитал технологи ба Хүртээмжтэй нийгэм” сэдвээр үг хэллээ. Тэрээр “Нэгэн цагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри манай эх орныг “Ардчиллын баян бүрд” хэмээн хэлж байлаа. Бид ардчиллыг бэхжүүлж мэдэх эрхийг хангуулахаар “Шилэн” нэртэй ил тод байдлын анхны нэгдсэн платформыг олон нийтэд танилцуулсан. Энэхүү платформд 13 сая гаруй удаа хандсан бөгөөд улсын хэмжээнд, ялангуяа засгийн газрын хөрөнгийн зарцуулалтын талаар хэд хэдэн хэлэлцүүлэг өрнөж, 27 сая гаруй ам.долларын зээлтэй тэнцэх 92 тэрбум төгрөгийн зээлийг буцаан төлжээ. Энэ нь Монголын ард түмэн технологийн дэвшлийг ашиглан өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, бодит үр дүнд хүрч байгаагийн тод жишээ юм” гэлээ.

ХХМТГ-ын Ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэн “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа

ҮЙЛ ЯВДАЛ ХХМТГ-ын Ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэн “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа 2021.07.09 Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Цахим хөгжлийн газрын Ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэн “Алтан гадас” одонг энгэртээ гялалзууллаа. Тэрбээр хөдөлмөрийн гараагаа 1990 оноос Байгаль орчны яамны Мэдээлэл, тооцооллын төвд электроникийн инженерээр эхэлж, 1998-2001 онуудад Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Мэдээлэл, үйлчилгээний төвд дотоод сүлжээний менежер, 2001-2003 онуудад тус сургуулийн Программ хангамжийн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгчийн үүрэгт албыг хашиж байв. 2001 оноос 2004 он хүртэл Дэд бүтцийн яамны Мэдээлэл, холбооны технологийн бодлого, зохицуулалтын газарт мэдээллийн технологийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. 2004 – 2006 он хүртэл Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газарт мэдээллийн технологийн бодлогын хэрэгжилт, зохицуулалтын хариуцсан мэргэжилтнээр, 2006-2008 онуудад ахлах мэргэжилтнээр тус, тус ажиллаж ирсэн бөгөөд 2008 оны 2 дугаар сараас БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгтэй “Олон улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөтөлбөр”-д хамрагдан, 2010 онд Мэдээллийн технологийн магистр, түүнчлэн 2010-2014 онуудад “Цахилгаан холбооны бүтээмж, үр ашгийн шинжилгээ, үр ашигт гаднын хүчин зүйлийн нөлөөллийг үнэлэх нь” сэдвээр докторын ажлаа хамгаалжээ. Эрдэм шинжилгээний чиглэлээр 2005 онд “Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” бүтээл, “Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбар” цагаан ном, 2012 онд Тайланд улсад зохион байгуулагдсан Олон улсын цахилгаан холбооны нийгэмлэг (ITS) – ийн эрдэм шинжилгээний 19 дүгээр хуралд “Монголын үүрэн холбооны салбарын бүтээмж, үр ашигийн өөрчлөлт” сэдвээр эрдэм шинжилгээний нийтлэл, IEEE South Africa Section-ээс 2013 онд зохион байгуулсан “Их сургуулийн сүлжээний орчин дахь бодит хугацааны хааяагүй видео урсгалын системийн архитектур, Сайн ирээдүйн төлөөх тогтвортой инженерчлэл” сэдэвт судалгааны нийтлэл, Мэдээлэл, харилцаа холбооны Азийн сэтгүүлд 2013 онд “Монголын үүрэн холбооны салбарын хөгжилд бодлогын шинэчлэлийн үзүүлсэн нөлөөг хэмжих нь” сэдэвт эрдэм шинжилгээний нийтлэлийг тус тус нийтлүүлсэн аж. 2014-2015 онуудад Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэст бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн, 2015-2016 онуудад тус газрын Мэдээллийн технологийн хэлтэст цахим засаг, мэдээллийн технологийн эрх зүй, хариуцсан ахлах мэргэжилтнээр, 2016 оны 9 дүгээр сараас өнөөг хүртэл Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Цахим хөгжлийн газрын Цахим засаглал хариуцсан Ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Б.Бадамсүрэнгийн хөдөлмөрийн амжилтыг байгууллага, төр засаг, олон нийтийн байгууллагаас үнэлж 2004 онд Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” алтан медаль, 2005 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын “Жуух бичиг”, 2006 онд Харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойгоор “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан” тэмдэг, мөн онд Их Монгол байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2016 онд Харилцаа холбооны зохицуулах хорооны “Хүндэт жуух бичиг”, 2017 онд “Хөдөлмөрийн хүндэт” медалиар тус, тус шагнаж байв. Share on facebook Share on twitter Бусад мэдээ