Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Фишинг халдлага

2021.04.28

Мэдээллийн технологийн хөгжлийн өнөө үед цахим харилцаанд цахим шуудан томоохон орон зайг эзлэхийн хэрээр цахим халдлагын бай болох байгууллага, хувь хүнийг эрсдэлд оруулах үйлдлүүд ихээр гарах болсон. Иймд байгууллага, хувь хүн бүр цахим шуудангийн аюулгүй байдлын тухай ойлголттой байж, хортой код агуулсан цахим шууданг таньж чаддаг байх нь тухайн халдлагаас үүдэх гарах аливаа эрсдэл, алдагдлыг бууруулахад чухал нөлөөтэй болоод байна. Фишинг халдлага гэдэг нь таны нууц үг болон энэ төрлийн хувийн мэдээллийг хулгайлах зорилготой бөгөөд хакерууд фишинг халдлагын тусламжтайгаар хэрэглэгчийн нэр, нууц үг, регистрийн дугаар болон бусад холбогдох мэдээллийг цуглуулж, тухайн мэдээллийг хууль бус үйлдэлд ашиглах замаар өөр төрлийн халдлагууд хийх тохиолдол их байдаг. 2004 оноос эхлэн дэлхий даяар фишинг төрлийн халдлага ихэсч байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд байгууллагууд алсын зайнаас ажиллаж буйтай холбоотойгоор эрчимтэй өсөж, учруулж байгаа хохирлын хэмжээ ч тэр хэмжээгээр нэмэгдсэн талаар Computer Fraud & Security сэтгүүлийн 2020 оны 9 дүгээр сарын дугаарын “Why is phishing still successful?” өгүүлэл, Wiley хэвлэлийн газрын Internet technology letters сэтгүүлийн 2020 оны 10 дугаар сарын “COVID‐19 pandemic cybersecurity issues” өгүүлэл, IEEE Xplore-д 2021 оны 1 дүгээр сард хэвлэгдсэн “Phishing Web Page Detection Methods: URL and HTML Features Detection” өгүүлэл зэрэг олон эх сурвалжид онцолсон байна. Мөн хэрэглэгчдийн хувьд ялгаатай системүүдэд ижил нууц үг ашигладаг нь тухайн халдлагын тоо болон хор хохирол буурахгүй байгаатай шууд холбоотой хэмээн судлаачид үзжээ. Ихэнх фишинг цахим шуудан нь бидний өдөр тутам ашигладаг интернэт банк, нийгмийн сүлжээний сайтын нэр, логог ашиглан, тэдгээртэй ижил төстэй мэдээллийн агуулгатайгаар цахим шуудан илгээдэг. Цахим шуудангийн агуулга хүний анхаарал, сонирхол татах зорилготой байдгаас хэрэглэгч чухал ач холбогдолтой цахим шуудантай андуурч фишинг халдлагад өртөж хувийн мэдээллээ алдах магадлал өндөр байдаг. Бидний өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг цахим шуудангаар дамжуулж буй гол протокол нь SMTP (Simple Mail Transfer Protocol) юм. SMTP протоколоор цахим шуудан илгээхийн тулд заавал толгой мэдээлэл (header information)-тэй байх шаардлагатай. Уг мэдээлэлд тухайн цахим шуудан ямар хаяг болон серверээс ирсэн зэрэг гол утгууд агуулагдах бөгөөд бид энэхүү өгөгдөлд тулгуурлан тухайн цахим шуудан фишинг мөн эсэхийг тогтоох боломжтой юм. Зураг 1-д харуулснаар цахим шуудан sans@email.sans.org хаягаас ирсэн байна.

Зураг 1. Цахим шуудангийн толгой мэдээлэл харах

Тухайн цахим шуудангийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл (толгой мэдээлэл)-д цахим шуудан илгээсэн серверийн тухай мэдээлэл тодорхой харагдана. Хэрвээ цахим шуудан илгээгчийн мэдээлэл сэжигтэй санагдсан бол virustotal.com зэрэг сайтуудыг ашиглан шалгаж үзэхээс гадна ping, whois зэрэг хэрэгслэл /tool/-ийн тусламжтайгаар илүү нягталж үзэх боломжтой юм. Цахим шуудан илгээгчийн мэдээлэл дунд “unknown” гэсэн мэдээлэл байвал хэдий тухайн хаяг нь зөв байсан ч спам эсвэл фишинг халдлага байх магадлал өндөр байдаг. Өөрөөр хэлбэл спам, фишинг цахим шууданг зарим тохиолдолд хэн нэгний өмнөөс илгээх боломжтой байдаг.

Зураг 2. Цахим шуудангийн толгойн мэдээллийн хэсэг

Жишээ нь:

Сайн байна уу. Эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе.

Таны Instagram дахь хаягаар 2020 оны 4 сарын 26-ны өглөө 07:12 цагт (GMT +8) халдлага хийгдсэн байж болзошгүй үйлдэл илрч 5 удаа нэвтрэх оролдлого хийлээ. Энэ нь таны хаягт password guess, dictionary, rainbow table төрлийн халдлагууд хийгдсэн байж болзошгүй гэдгийг илтгэж байна.

Хэрвээ та тухайн үед хаягтаа хандах оролдлого хийгээгүй бол аюулгүй байдлаа хангах үүднээс ЭНД дарж нууц үгээ яаралтай сольно уу.

Таныг хүндэтгэсэн:

Instagram-ийн аюулгүй байдлын баг.

Дээрх цахим шуудангаас ихэнх хэрэглэгч “халдлага”, “instagram”, “password guess”, ”dictionary”, ”rainbow table” зэрэг өөрт ойр болон техник, технологийн үгсүүд дээр голчлон анхаарч чухал цахим шуудан хэмээн итгэж хохирогч болох магадлалтай байдаг.

Фишинг цахим шууданд дараах агуулгууд ихэвчлэн байдаг тул түүнийг танихад ашиглаж болно. Үүнд:

  • Нууц холбоос: Жишээ нь дээрх цахим шууданд холбоосыг ЭНД гэж нууцалсан байгаа нь мэдээллийн аюулгүй байдлын мэдлэггүй хэрэглэгчид тухайн холбоос дээр дарж өөрийн мэдээллээ хакеруудад алдах боломж бүрдүүлдэг.
  • Нууц үгээ, нууц кодоо солихыг шаардсан шинж, агуулгатай цахим шуудан ихэвчлэн фишинг төрлийн халдлага байх магадлалтай. Жишээ нь дээрх цахим шууданд та халдлагад өртсөн байж болзошгүй тул ЯАРАЛТАЙ НУУЦ ҮГЭЭ СОЛЬ гэсэн байдлаар шаардаж буй юм. Мөн сугалаанд хожсон тул та яаралтай холбогдох мэдээллээ оруулна уу гэх зэрэг оролдлого нь фишинг халдлагын ангилалд орно.
  • Монгол улсын иргэн биш бол ихэнх тохиолдолд халдлага үйлдэгч нь логикийн алдаатай, үгийн алдаатай, бичиглэлийн, найруулгын алдаатай байдлаар бичдэг. Жишээ нь дээрх цахим шууданд “сольно”, “илрч” зэргээр алдаатай бичжээ.
  • Дуурайлган хийсэн, ижил төстэй домэйн бүхий вэб сайт ашиглах замаар фишинг халдлага хийгддэг. Жишээ нь Монгол улсын иргэдийн хувьд ихэнх нь Google-ийн цахим шуудангийн хаяг ашигладаг. Тэгвэл халдагч этгээд gmai1.com зэрэг хаяг ашиглан ижилхэн харагдах вэб байршуулах замаар олон тооны хэрэглэгчийг хамарсан халдлага хийдэг.

ЦАХИМ ШУУДАНГААР ФИШИНГ ХАЛДЛАГА ХИЙЖ БУЙ ЭСЭХИЙГ МЭДЭХ АРГА:

  • Нууц холбоос агуулсан цахим шуудангийн холбоосын аюулгүй байдлыг шалгахдаа virustotal.com сайтыг ашиглаж, https://www.youtube.com/watch?v=n916FbMdyk0 энэ бичлэгийн дагуу шалгаж болох юм.
  • Нууц үг болон бусад нууцлалтай холбоотой мэдээлэл солих агуулга бүхий цахим шуудан ирсэн тохиолдолд вэб сайт, холбоост хандахаас өмнө тухайн хаяг болон холбоосыг нягтлаарай. Шаардлагатай тохиолдолд тухайн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад хандан тодруулж болно.
  • Цахим шуудангийн агуулга, найруулга, үг үсгийн алдаа зэргийг сайтар нягталж унших хэрэгтэй. Мөн цахим шуудангийн Signature хэсгийг сайн харах хэрэгтэй. Дээрх цахим шууданд зөвхөн “Instagram-ийн аюулгүй байдлын баг” гэсэн signature ашигласан байгаа нь албан бус болох магадлалтайг илтгэж байна. Бид албаны цахим шуудангийн signature хэсэгт тухайн хүн, байгууллагатай холбоо барих мэдээллийг оруулдаг гэдгийг санах хэрэгтэй.
  • Цахим шуудангаар ирсэн холбоос дээр яаран дарахгүйгээр хайлтын системээс тухайн байгууллагын албан ёсны хаягийг цахим шуудангаар ирсэн хаягтай харьцуулж үзээрэй.

Байгууллагын хувьд фишинг цахим шуудантай тэмцэж түүний хохирлыг бууруулах үндэс нь байгууллагын бүх ажилчдын түвшинд болон бусад харилцагч байгууллагуудын түвшинд фишинг халдлагын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, байгууллагын хүрээнд ёс зүйт фишинг халдлага хийх (Phish drill exercise) замаар халдлагад өртөх магадлалтай бүлгийг тогтоох, тухайн бүлэгт тусгайлан сургалт явуулж, эрсдэлийг бууруулж болно. Технологийн хувьд спам цахим шуудангаас хамгаалах, whitelisting үүсгэх зэрэг шийдлүүдийг ашиглаж болно. Мөн фишинг халдлага нь DNS, вэб хөтөч болон бусад протоколуудад халдах замаар улам ухаалаг болж буйг тооцоолох нь чухал юм.

Фишинг халдлагад өртөх магадлал өндөр салбар болон хэрэглэгчдийн бүлгийг APWG- аас / APWG report / дараах байдлаар тодорхойлжээ.  Үүнд:

  • Онлайн тоглоом тоглогчид
  • Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид, тэдний үйлчлүүлэгчид
  • Сошиал сүлжээ идэвхтэй хэрэглэгчид

Мөн уншигч та фишинг халдлагыг таньж чадах буй эсэхээ Google-ээс гаргасан дараах тестээр шалгаж үзээрэй. Холбоос https://phishingquiz.withgoogle.com/

Танд Зураг 3-т үзүүлсэн цонх гарч ирэх бөгөөд 1 дугаартай мөрөнд буй зааврыг уншиж 2 дугаартай хэсэгт буй цахим шуудантай ажиллан Фишинг эсвэл Албан ёсны цахим шуудан гэдгийг таних бөгөөд 3 дугаартай мөрөнд байх хэсгээс өөрийн хариуг сонгох юм.

Зураг 3. Фишинг цахим шуудан таних тест

 

Бусад мэдээ

Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний талаар хөгжлийн түншүүдтэй зөвлөлдлөө.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас 2022-2023 онд хийсэн “Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ”-ний тайланг хөгжлийн түншүүдэд танилцуулах, зөвлөлдөх уулзлалтыг Гадаад харилцааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран зохион байгууллаа. Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний тайланг 7 үндсэн бодлогын хүрээнд 91 арга хэмжээг төлөвлөн тэдгээрийн тэргүүлэх ач холбогдлыг өндөр, дунд гэсэн үнэлгээгээр гаргажээ. Үндсэн 7 бодлогод: -Цахим арилжааны стратеги боловсруулах; -Харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтэц, үйлчилгээ; -Худалдааны логистик ба худалдааг хөнгөвчлөх; -Хууль тогтоомжийн үйлчлэх хүрээ; -Төлбөрийн шийдэл; -Цахим ур чадварыг хөгжүүлэх; -Санхүүжилтийн хүртээмж гэсэн чиглэлүүд багтжээ. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал 2017 оноос хойш 32 улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээг хийсэн бөгөөд Монгол Улс тус үнэлгээг хийлгэсэн 33 дахь орон болж байна. Дугуй ширээний уулзалтад Гадаад харилцааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон НҮБ-ын төрөлжсөн байгууллага, бусад олон улсын байгууллага болон гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл оролцлоо.

ХХМТГ, Эрүүл мэндийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газрын зохион байгуулалт, геодези, зурагзүйн газар хамтарсан мэдээлэл хийлээ

ҮЙЛ ЯВДАЛ ХХМТГ, Эрүүл мэндийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газрын зохион байгуулалт, геодези, зурагзүйн газар хамтарсан мэдээлэл хийлээ 2021.12.10 Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газар хамтарсан хэвлэлийн хурал өнөөдөр /2021.12.10/ Төрийн ордны “e-Mongolia” мэдээллийн цэгт хийлээ. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ: Та бүхний мэдэж байгаачлан, энэ оны 10 дугаар сарын 1-нд “e-Mongolia 2.0” нээсэн. Өнөөдөр бид “e-Mongolia” системд 57 байгууллагын 574 үйлчилгээг цахимжуулж, нэгтгэлээ. Үүнээс 138 нь лавлагаа, тодорхойлолт байгаа. Лавлагаа, тодорхойлолтыг дунджаар 2-3 минутад “e-Mongolia”-р авах боломжтой. Мөн 436 олон шатлалт үйлчилгээ байна. Олон шатлалт үйлчилгээ нь иргэн хүсэлтээ гаргаад төрийн байгууллага тухайн хүсэлтийг нь дотоод процессороо шалгаад, хариуг нь өгдөг 436 үйлчилгээ “e-Mongolia”-д нэвтэрсэн байгаа. Өнөөдөр “e-Mongolia” 1.9 сая хэрэглэгчтэй буюу насанд хүрсэн хүмүүсийн 86 хувь нь энэ системийг идэвхтэй ашиглаж байна. Үүнээс 806,826 хүн гар утасны аппликейшныг ашиглаж байна. Бидний хувьд нийслэл хотын болон улсын хэмжээнд үзүүлдэг төрийн үйлчилгээг цахимжуулахаас гадна аймаг, орон нутгийн нутгийн захиргааны байгууллагын үйлчилгээг цахимжуулж эхэлсэн. “e-Mongolia” төслийн баг хөдөө, орон нутагт ажиллаж байгаа бөгөөд одоогоор найман аймгийн 498 үйлчилгээг “e-Mongolia” -д орууллаа. Нийтдээ давхардсан тоогоор 1000 гаруй үйлчилгээ цахимжсан гэж хэлж болно. Бид хөндлөнгийн судлаачидтай хамтарч ажилладаг. Энэ хүрээнд “e-Mongolia” систем олон нийтэд танилцуулагдсан цагаас хойш нийт 64.5 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийлээ. Бид энэ оны 12 дугаар сарын 20-нд салбарын статистик, судалгааг танилцуулна. Тухайн үед бид ямар судалгааны аргачлалаар яаж энэ дүнгүүд гарч байна вэ гэдэг дэлгэрэнгүй мэдээллийг өгнө.  Мөн бид энэ оны 12 дугаар сарын 15 гэхэд төрийн 600 үйлчилгээг “e-Mongolia” системд нэвтрүүлэхээр ажиллаж байна. “e-Mongolia”-ийн хувьд өдөр тутам хөгжүүлэлт, сайжруулалт хийгдэж байна. “e-Mongolia” систем гэлтгүй төрийн цахим шилжилттэй холбоотой бид “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”, “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль”, “Цахим гарын үсгийн тухай хууль”-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, тун удахгүй батлуулах гэж байна. Эдгээр хуулиар төрд байгаа мэдээллийг иргэнээс шаардахыг хориглож байгаа. Мөн иргэн төрийн байгууллага хооронд бичиг цаас бариад гүйх шаардлагагүй болж байгаа. Хэрвээ төрийн алба хаагч танаас төрд байгаа мэдээллийг шаардвал өөрөө хариуцлага хүлээх хуулийн зохицуулалт орж байгаа. Үүний зэрэгцээ, нууц хэмээх зэрэглэлтэй 67 төрлийн мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар ил болгож байна. Жишээлбэл, улс төрийн намын гишүүнчлэл, төрийн байгууллагын хүний нөөц мэдээлэл гэх мэтчилэн маш олон төрлийн мэдээлэл ил болж байгаагаараа онцлогтой хууль байгаа. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн тухайд гэвэл Ардчилсан нийгэмд иргэн төрд өөрийнх нь ямар мэдээлэл байгааг хянах, тэрхүү эрхээ эдлэх гол хууль гэж ойлгож болно. Бидний хувьд Монгол Улсын иргэнийн мэдээлэл рүү хэн нэгэн халдсан, ялангуяа төрийн алба хаагч хэн нэгэн иргэний мэдээлэлд халдах гэж оролдвол тухайн иргэнд “e-Mongolia”-р мэдэгдэл буюу notification очих болно. Тухайн иргэн энэ хүн миний мэдээллийг үзэх эрхгүй гэж үзвэл “e-Mongolia”-р гомдол гаргаж болно. Энэ чиглэлийн технологийн хөгжүүлэлт нь “e-Mongolia” дээр хийгдээд явж байна. Хууль 2022 оны 05 дугаар сарын 01-ээс хэрэгжээд эхэлмэгц “e-Mongolia” дээр тухайн хөгжүүлэлт нь иргэнд ил харагдаад явна. Цахим гарын үсгийн тухай хуулийн хувьд Монгол Улсын иргэн бүр тоон гарын үсэгтэй болно. Ингэснээр технологи ашиглан гэрээ, хэлэлцээ хийх боломжууд бий болоод явна. Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хувьд гэвэл Монгол Улсад 15, 16 жил батлагдаж чадаагүйн улмаас мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоо бий болж чадаагүй. Иймд бид энэ хуулийн төслийг батлуулахаар ажиллаж байна. Энэ хуулийн төсөл батлагдсанаар иргэний мэдээллийн аюулгүй байдал, төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэг чиглэл тодорхой болно. ЭМНЭЛГИЙН ЦАГ АВАХ, ШИНЖИЛГЭЭ ХАРИУ ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛЖ, “E-MONGOLIA”-Д НЭГТГЭЛЭЭ Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн сайд С.Энхболд: “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Цахим Засаглалыг бий болгох, Авлигагүй, хүнд сурталгүй, сайн засаглалын бий болгох зорилтын хүрээнд Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимтэй хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд бид “e-Mongolia” -д эрүүл мэндийн салбарын 9 үйлчилгээг иргэн цахимаар авахад бэлэн болголоо. Үүнд, ЭМЯ-ны харьяа 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн 9 дүүрэг, III шатлалын улсын эмнэлгүүдийн үйлчилгээг авах бэлтгэл ажил бол бүрэн хангагдлаа. Тодруулбал, Эмнэлгийн цаг авах: Орон нутгийн иргэд урьдчилж цаг авах боломжгүй байсан бол энэ үйлчилгээ цахимжиж, “e-Mongolia” апп ашиглан орон нутгаас ирэх хугацаагаа тохируулан, эмнэлгээ сонгож, үйлчлүүлэх бүрэн боломжтой болсон. Өнөөдрийн байдлаар 1707 иргэн “e-Mongolia” апп-р эмнэлгийн цаг авсан байна. Шинжилгээний хариуг “e-Mongolia” аппликейшнээр дамжуулан харах бүрэн боломжтой болсон. Бид анх 2016 онд анхны лабораторын шинжилгээнүүдийн дэд бүтэц болох программ хангамжуудаа хийсэн. Үүний суурь дээр бид “e-Mongolia” аппликейшнээр дамжуулан өгсөн шинжилгээнийхээ хариуг авах бүрэн боломжийг бүрдүүллээ. Олон улсын аялал жуулчлалын эрүүл мэндийн гэрчилгээг “e-Mongolia”-с авах боломжтой болсон. Вакцины гэрчилгээ. Вакцин хийлгэсэн бүртгэлтэй холбоотой алдаа гарсан тохиолдолд та харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллагад хандах, Гадаадад вакцин хийлгэсэн бол нотлох баримтаа харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төв хандаж, бүртгүүлэн, дараа нь “e-Mongolia” -с авах бүрэн боломжтой. Эмнэлгийн магадалгаа Эрүүл мэндийн даатгалын лавлагаа Дархлаажлсан QR батламжийг “e-Mongolia” аппликейшнээр дамжуулан өгөх боломжтой болсон. Өнөөдрийн байдлаар 550,465 хүн ашигласан байна. Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсыг “e-Mongollia”-с авах боломжийг бүрдүүлж байна. Хөдөлмөрийн чадвар бүрэн түр алдсан эмнэлгийн хуудсыг бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран “e-Mongolia” нэгдсэн системд оруулах бэлтгэл ажлыг хангаад ирэх 7 хоногоос иргэд цахимаар авах боломжийг бүрдүүлж байна. 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн “Цахим эрүүл мэнд-2” төслийг хэрэгжүүлж эхэлнэ. Үүнтэй холбоотой эмнэлгүүдийн хооронд өгөгдөл солилцох, нэгдсэн платформыг угсрах ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлаа хийгээд явж байна. УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛЖ, “E-MONGOLIA”-Р ДАМЖУУЛАН ИРГЭНД ХҮРГЭСНЭЭР 13 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХЭМНЭЛЭЭ УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан: Улсын бүртгэлийн ерөнхий газар нь иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн томоохон үйлчилгээний байгууллага. Улсын бүртгэлийн хуульд заасан 32 төрлийн үйлчилгээ байдаг. Энэ үйлчилгээг дотор нь задалбал, 150 үйлчилгээ – лавлагаа болдог, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл, хоригуудтай холбоотой Монгол Улсын иргэн харьяатаас гарсан, харьяат сэргээсэн, гэрлэлт гээд энэ бүртгэлээс бусад бүх бүртгэлийг цахимжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар “e-Mongolia” системд 59 төрлийн лавлагаа орсон байна. Үүний 22 нь лавлагаа, 37 нь хоёр шатлалтаас дээш үйлчилгээ орсон байна. Бид үйлчилгээнүүдээ гурван төрөлд хувааж үзэж байна. Нэгдүгээрт 100 хувь онлайн буюу иргэн компьютер, гар утаснаасаа үйлчилгээгээ 100 хувь цахимаар авах, Хоёрдугаарт, хагас хүргэлттэй буюу “e-Mongolia”-р дамжуулан захиалгаа өгөөд иргэд өөрийнхөө гар дээр хүргэлтээр иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортоо авах, гуравдаарт, хоёр талдаа хүргэлттэй үйлчилгээ буюу төрсний бүртгэл зэрэг

Монгол Улсын шуудангийн анхны марк үйлчилгээнд гарсан 100 жилийн ой тохиож байна

Д.Сүхбаатар 1921 онд ЗХУ-д айлчилж ирсний дараа Цахилгаан мэдээ, шуудан бичгийн ерөнхий хорооны эрхэлсэн түшмэл М.Бат-Очир, сургагч Ц.Бурдовский нарт шуудангийн марк гэдэг нь өнгөцхөн бодоход нэг л жижигхэн эрээн цаасны зүйл юм шиг санагдавч чухамдаа тийм биш, харин шуудан бичгийн маань үнэт мөнгө зоос нь болсон үнэ цэнэтэй, нарийн нандин учиртай, хүнд мэдээгүй зүйлийг нь биеэр дүрсэлж ойлгуулдаг, их өргөн хүрээтэй төлбөрийн мэдээллийг агуулсан зүйл юм гэж тайлбарлаж байжээ. Ардын Засгийн газрын цахилгаан мэдээ, шуудан бичгийн ерөнхий хорооны эрхэлсэн түшмэл М.Бат-Очир Иркутск хотын телеграфийн сургуульд сурч байхдаа ч шуудангийн маркийг харж байжээ. М.Бат-Очир монголын шуудангийн марк гаргах ажлыг санаачлан, маркийн зураг төслийг боловсруулан харьяалах Гадаад явдлын яамаар дамжуулан, Ардын засгийн газраар хянуулан батлуулахаар оруулжээ. Олноо өргөгдсөн 13 буюу 1923 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хуралдсан Ардын засгийн газрын 44 дүгээр хурлын бичгийн 1 дүгээр зүйлд “Гадаад явдлын яамны Цахилгаан мэдээ шуудан бичгийн хэргийг ерөнхийлэн шийтгэх түшмэл М.Бат-Очироос аливаа шуудангаар дамжуулан явуулах бичиг захидлын төлбөр төлөгдсөнийг илтгэхэд хэрэглэх маркийн маяг долоог үйлдүүлж ирсэн, тус маркийг ийнхүү үйлдэж болох эсэх, чухам хаана үйлдвээс хэрэг дав дув санхүү дор арвитай болохыг тогтоон заахыг хүссэн тухайд Засгийн газраас хянаж ирүүл гэж зохих газар явуулан тушаажээ. Зураг- 1. Анхны шуудангийн марк олны ярьдагаар ОЧИРТОЙ марк Энэхүү тогтоосон ёсоор “Очир” буюу  Монголоор Мөнхбат” гэсэн утга санааг идэрхийлэх, зөрүүлсэн Элдэв-Очирын дүрс бүхий 1, 2, 5, 10, 20, 50 цент, 1 долларын нэрлэсэн үнэтэй 5 өнгө ялгасан нэгэн багц маркийг хэвлүүлж гаргасан тухай Цахилгаан шуудангийн ерөнхий хороо, Гадаад Явдлын яамнаас 1924 оны YIII сарын 2-ны өдөр Засгийн газарт өргөсөн 42/565 тоот албан бичгээр  Ардын засгийн газар хүргүүлжээ. Уг маркийг Ардын засгийн газар хүлээн аваад, худалдаалах зэргээр гүйцэтгэвэл зохихыг Гадаад явдлын яаманд 1924 оны 7дугаар сарын 8-ны өдрийн 656 бичгээр мэдэгдэж явуулснаар БНМАУ-ын шуудангийн анхны марк нийтийн хэрэгцээнд гаргаж, шуудангаар явах бичиг захидал бичигт наагдан, өөрийн орны дотор болон гадаад улс орнуудад түгэн тархсан байна. Монголчуудын эрт дээр цагаас дийлдэшгүй бат бэхийн бэлгэдэл болгон дээдлэн шүтэж, эрхэмлэж ирсэн “Элдэв-Очир” хэмээх дүрс зургийг анхны маркан дээр залж, тухайн үед үндэсний мөнгөн тэмдэгт хараахан гараагүй байсан тул Америк мөнгөний нэгжээр үнэлсэн ажээ. Манай улсын шуудангийн анхны маркийн тухай билгүүн номч Бямбын Ринчен 1958 онд “Монголчуудын шуудан, шуудангийн тэмдгийн учир” өгүүлэлдээ тун тодорхой тайлбарлан бичсэн байдгийг сийрүүлбэл: “…1924 онд ардын засгийн газраас олон улсын одоогийн жишээгээр наадаг тэмдэг анх хэрэглэж, долоон төрлийн шуудангийн наах тэмдэг Шанхайд захиж хэвлүүлсэн билээ. Тэхэд Улаанбаатар хотын хэвлэх үйлдвэр өнгөтэй будагтай хэвлэлгүй байсан учир тийнхүү Шанхайд захижээ. Тэр цагт бас Европын хэл бичиг сайн мэдэх хүн ховор учраас “почтовая марка” гэсэн үгийг оросоос монгол болгож чадаагүй, /почит марка/ монгол үсгээр ойртуулсхийн бичээд, монгол төгрөг мөнгө гараагүй учир “доллар, цент” гэж төгрөг мөнгөний оронд бичсэн байдаг. 1924 онд анхны шуудангийн тэмдэгт Элдэв-Очир гэдэг солбицсон очиртой зураг зурсан нь, Очир гэж нэгэд “бат” гэсэн санаа тул Бат Очир /тэмдэг наасан захиа алдагдалгүй хүрэх “бат” гэсэн санаа/ бол Энэтхэгээс гаралтай үг бөгөөд уг очир гэдэг тэмдэг нь цахилгаан гэснийг дүрсэлсэн тул монгол цахилгаан шуудангийн анхны бэлгэ тэмдэг нь байжээ. Одоо ч гэсэн гадаад улсын цахилгаан шууданд цахилгааны дүрсээр холбоочны тэмдэг хийдэг ёс буй тул ардын Засгийн анхны холбоочны тийнхүү шуудангийн тэмдгийг Монголчуудын олон зуун жил мэддэг, хэрэглэдэг “Очир” гэдэг тэмдгийг хэрэглэсэн нь Монгол үндэсний хэлбэртэй, интернационалын утгатай тэмдэг хэрэглэсэн нь сонин бөгөөд хойшдоо холбооны тусгай тэмдэг болгож, тэр Элдэв-Очир гэдэг цахилгаан мэт хурдан, алдагдашгүй бат хүргэдэг гэсэн сонин сайхан тэмдэг юмсанжээ” гэжээ. Оруулга-1:Хэдийгээр тухайн үед Ардын түр Засаг тогтсон ч Богд Жавзандамба хутагт хэмжээт эрхт хаан хэвээр байсан тул улсын нэрийг албан ёсоор хараахан тогтоож амжаагүй байв. Маркийн төсөл батлагдсанаас хойш даруй нэг жилийн дараа хуралдсан шинэ Монгол улсын анхдугаар их хурлаас тус улсын албан ёсны нэрийг “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” хэмээн тунхагласан билээ. Энэ мэт учир шалтгааны улмаас Монголын шуудангийн анхны марк нь улсын нэргүй хэвлэгдсэн бололтой. Зураг- 2. Ардын засгийн газаас Гадаад явдлын яаманд 1924 оны 7дугаар сарын 8-ны  өдрийн 656 тоот бичгийн хуулбар Дугаар 655 АЗГ-т гадаад явдлын яамнаа хуудас дагалдуулан их учир: Эдүгээ харьяат яамнаас хүргэж ирсэн 565 дугаар хуудас бичиг ба дагуулан байцаан толилуулахаар ирсэн маркийг манай ардын Засгийн газар хүлээн авч үзэв. Үүн дор уг маркийг худалдаалах эрхээр гүйцэтгүүлэх тулд уг маркийг хүргүүлж өгнө. Ардын Засгийн  гадаад явдлын яамнаа явуулаад хүргүүлэн шийтгэсүгэй. Үүний тул илгээв. Арван дөрөв дүгээр он долоон сарын шинийн 8 Дугаар 656 Харин тэр үед монгол улсыг гадуурхах бодлогыг хүчтэй явуулж байсан, Хятадын гоминданы засгийн газар монголын шуудангийн маркийг үл зөвшөөрөн, хүчин төгөлдөр бус хэмээн үзэж, манай улсаас хятадад илгээсэн захидал боодлын маркийн дээр өөрийнхөө улсын шуудангийн марк нааж, хүлээн авагчаас захидлын бүх үнийг гаргуулан авдаг байжээ. Ийм учраас нэг хэсэг зуур хятадад явуулах захидалд монголын шуудангийн маркийн хамт оросын шуудангийн маркийг нааж, хүлээн авагчийг давхар үнэ төлөх явдлаас чөлөөлж байжээ. Анхны маркийн дараа зураач марзан Б.Шаравын эх зургаар улсын тэмдэгт 9 төрлийн нэг цуврал маркийг улсын банкны хэрэгцээнд гаргасныг шуудангийн хэрэгцээнд шилжүүлж, 1925 оны 2 дугаар сараас гүйлгээнд гаргажээ. Оруулга-2: БНМАУ-ын ТХЯ-наас анх 1958 онд марк сонирхогчдын дунд зарласан уралдаанд Худалдааны техникумын багш Хайдавын Гунаажав I байр эзэлж 400 төгрөгөөр, МУИС-ийн П курсын оюутан  Чулуунгомбо, 1 дүгээр дунд сургуулийн IX ангийн сурагч Дүгэрсүрэнгийн Ариунболд нар II байр эзэлж 300 төгрөгөөр, 22 дугаар сургуулийн Ү1 ангийн сурагч Эрэнцэнсономын Гомбо, Төв аймгийн Батсүмбэр сумын тракторчин Билгүүнгэрэлийн Идэр-Амгалан нар III байр эзлэн 200 төгрөгөөр тус тус шагнагджээ. 1957онд марк сонирхогчдийн нийгэмлэг ТХЯ ны дэргэд байгуулагджээ. Алтан, мөнгөн ялтас дээр болон торгон дээр марк үйлдвэрлэхийг өндөр технологийн марк гэх ба 1982 онд байгаль орчныг хамгаалах сэдвээр анх алтан ялтас дээр хэвлэж  өндөр технологийн маркийг хэрэглээнд гаргасан билээ. Зураг- 3. 1982 оноос эхэлж гаргасан алтан ялтастай марк сэдвийн дугаар: Монгол эх орныхоо бүтээн байгуулалт, ололт амжилт, нийгмийн өөрчлөн байгуулалт, улс ардын аж ахуйн болон шинжлэх ухаан техникийн хөгжил дэвшил, байгаль, ан амьтны хүрээлэн хийгээд монголын ард түмний аж амьдрал, соёл урлаг, зан заншил зэрэг өргөн хүрээний сэдвээр маркийг хэвлүүлж хэрэглэж байгаа билээ. 2024 оны 6 сарын 6 ны байдлаар энэ зуун жилийн дотор Монгол улс шуудангийн 1149 сэдвийн хүрээнд 4390 нэрийн марк гүйлгээнд гаргаад байна. Манай улс шуудангийн маркаа ОХУ, БНУАУ улсуудад хэвлүүлдэг байсан ба сүүлийн жилүүдэд Франц улсад хэвлүүлж байна. Марк