Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

Enkhtsolmon Enkhbayar

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар 100 жил: Монголын радио спортын холбооны тухай

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар 100 жил: Монголын радио спортын холбооны тухай 2021.08.09 Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж байна. Энэ удаа Монголын радио спортын холбооны тухай мэдээллийг хүргэж байна. Радио сонирхогч гэдэг мэргэжил радио анх зохион бүтээгдсэн үеэс эхлэн дэлхийн улс орнуудад тархан радио техникийн үйлдвэрлэл болон харилцаа холбооны хөгжилтэй зэрэгцэн хөгжиж ирсэн юм. Радио сонирхогчийн үйл ажиллагаа дэлхийн II дайны үед буюу дайны ард талд тагнуулын үйл ажиллагаа явуулахад онцгой ач холбогдолтой байжээ. Зөвлөлт Холбоот Улсад радио сонирхогчийн хөдөлгөөн 1920 оноос эхэлж, онц идэвхитэй хөгжсөн бөгөөд тэр нь яваандаа спортын хэлбэрт шилжсэн байна. Радио спорт нь богино долгионоор холбоо барих болон эсрэг талынхаа холбоог олж илрүүлэх гэсэн хоёр үндсэн төрөлд хуваагддаг бөгөөд сүүлчийнх нь ЗХУ-д “Үнэг агнах” гэж нэрлэж байв. Радио спортын тамирчид радио техникийг бүрэн эзэмшиж чаддагийн зэрэгцээ өөрсдийнхөө холбооны хэрэгслийг өөрсдөө зохион бүтээж ашигладаг байлаа. Радио сонирхогчдын зохион бүтээж байсан хэрэгслүүдээс үйлдвэрлэлд нэвтэрч технологийг шинэчилж байсан тохиолдол ч олон байдаг. Радио сонирхогчдын үйл ажиллагаа дэлхийн II дайны жилүүдэд улам идэвхитэй хөгжсөн бөгөөд тэд дайсны ар талд явуулах үйл ажиллагааг үр дүнтэй болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг байв. Радио спорт нь хөгжлийнхөө эхний шатанд богино долгионы царааг өргөн ашиглаж байсан бөгөөд энэ ажилд нь туслахын тулд олон улсын радио давтамжийн хяналт хуваарилалтын байгууллага радио сонирхогчдын ажиллах богино долгионы цараануудыг хуваарь тогтоож баталсан. Радио богино долгиончид (богино долгионоор холбоо баригчид) бол аль ч улсын цэргийн холбооны гол хэрэгсэл байдаг учир цэргийн байгууллагаас богино долгионы спорт сонирхогчид олноороо төрөн гардаг байна. Монголын Радио спортын холбоо 1967 онд нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын статустайгаар Монгол Улсад Радио спортыг хөгжүүлэх зорилгоор үүсэн байгуулагджээ. Холбооны Ерөнхийлөгчөөр Д.Гарам-Очир, С.Ганбаатар, О.Шаалуу, Ч.Чадраабал, Т.Гантөмөр нар, Нарийн бичгийн даргаар Н.Хосбаяр, Ж.Батжаргал, А.Даваадорж нар амжилттай ажиллаж байв. Өнөөдөр холбооны Ерөнхийлөгчөөр Ж.Батжаргал, Нарийн бичгийн даргаар З.Бат-Эрдэнэ нар ажиллаж байна. Монголын Радио спортын холбоо үүсэн байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл жил бүр уламжлал болгон Радио спортын дараах тэмцээнүүдийг зохион байгуулан явуулж байна. Үүнд: Радио сонирхогчийн Нэвтрүүлэгч олох /РСНО/ буюу Үнэг агналтын төрөлд: – Спортын бага зэрэгтэй болон шинээр эхлэн суралцагсдад зориулсан “Хаврын тэргүүн” тэмцээн. Уламжлалт 144МГц-ийн төрөлд, эрэгтэй эмэгтэй ангилалд явагдаж байна. – Улаанбаатар хотын Аварга шалгаруулах тэмцээн. Уламжлалт 144МГц, 3.5МГц, Фоксоринг, Спринт төрлүүдэд, W19, W21, W35, M19, M21, M40 ангилалуудад явагддаг. – Улсын Аварга шалгаруулах тэмцээн. Уламжлалт 144МГц, 3.5МГц, Фоксоринг, Спринт төрлүүдэд, W19, W21, W35, M19, M21, M40 ангилалуудад явагддаг. Тус холбоо Олон улсын Радио сонирхогчдын холбооны 3-р бүсийн буюу Ази, Номхон далайн орнуудын Аварга шалгаруулах Радио сонирхогчийн Нэвтрүүлэгч олох (РСНО) тэмцээнийг 2001, 2007, 2017 онуудад өөрийн орондоо амжилттай зохион байгуулж явуулсан. 2019 оноос эхлэн РСНО Улсын Аварга шалгаруулах тэмцээнийг Харилцаа Холбооны зохицуулах хороо ивээн тэтгэж нэрэмжит тэмцээнээ болгон явуулж байна. РСНО Улсын Аварга шалгаруулах тэмцээнд 1:5,000-1:20,000 масштабтай спортын газрын зураг ашиглан явуулдаг. Өндөр хурдны Телеграфын /ӨХТ/ төрөлд: – Спортын бага цолтой болон эхлэн суралцагчдын “Залуу Морзчин” тэмцээн. Хүлээн авах, Нэвтрүүлэг, Morse Runner, RUFZ төрлүүдэд эрэгтэй, эмэгтэй ангилалд явагддаг. – Улаанбаатар хотын Аварга шалгаруулах тэмцээн. Хүлээн авах, Нэвтрүүлэг, Morse Runner, RUFZ төрлүүдэд Эмэгтэй А, Б болон эрэгтэй ангилалд явагддаг. – Улсын Аварга шалгаруулах тэмцээн. Хүлээн авах, Нэвтрүүлэг, Morse Runner, RUFZ төрлүүдэд Эмэгтэй А, Б болон эрэгтэй ангилалд явагддаг. Сонирхогчийн Радио холбооны төрөлд: – Манай радио сонирхогчид Дэлхийн АШТ болон бусад олон улсын тэмцээнд тогтмол оролцож өндөр амжилт гаргаж байдаг. 2015 оноос эхлэн тус холбоо ӨХТ-ын тэмцээнүүдийг Олон улсын тэмцээний жишгээр зохион байгуулж Нэвтрүүлгийн төрөлд HST2006, хүлээн авалтын төрөлд ZEUS зэрэг програмуудыг ашиглаж эхэлснээр тамирчдын амжилт, ур чадвар эрс дээшилж байна. Эдгээр програмуудыг ашигласнаар тэмцээний шүүлтэд ямар нэг алдаа гарах асуудал үгүй болж эцсийн дүн үнэн зөв гардаг болсон юм. 2019 оноос эхлэн Улаанбаатар хотын болон Улсын аварга шалгаруулах РСНО тэмцээнүүдэд Foxoring, Sprint зэрэг Олон улсын тэмцээнд шинээр орсон төрлүүдийг нэвтрүүллээ. Радио спортын эдгээр шинэ төрлүүдийг CONTEST2012 болон FOXORING зэрэг орчин үеийн нэвтрүүлэгчийг худалдан авч ашиглаж байна. МРСХ-ноос Радио спортын төрлүүдийг улс орондоо хөгжүүлэх талаар хийсэн олон ажлын үр дүнд манай радио спортын тамирчид Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнүүдээс олон арван алт, мөнгө, хүрэл медаль хүртсэний зэрэгцээ Сонирхогчийн радио холбооны тамирчин Ч.Чадраабал Олон улсын хамгийн том тэмцээн болох World Wide DX Contest тэмцээнээс 2010 онд Алтан медаль, Радио сонирхогчийн Нэвтрүүлэгч олох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2018 онд Ш. Одончимэг Уламжлалт 3.5МГц-ийн төрөлд W35 ангилалд хувийн дүнгээр Хүрэл медаль, мөн ангилалд багийн дүнгээр Ш. Одончимэг, Б. Бадмаараг, Л. Одмаа нар Хүрэл медаль, Өндөр хурдны Телеграфын 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ С.Буянтогтох Хүрэл медаль, 2018 оны ДАШТ-ээс С.Буянтогтох Мөнгөн медаль, ОУХМ Ц.Болдбаатар Хүрэл медаль тус тус хүртсэн өндөр амжилтыг гаргаад байна. Манай тамирчдын хүртсэн эдгээр Алт, Мөнгө, Хүрэл медалиуд нь радио спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн Монголын анхны медалиуд юм. ОУХМ С.Буянтогтох нь Өндөр хурдны Телеграфын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн анхны Ази тивийн эмэгтэй тамирчин юм. ОУРСХ-ны 3-р бүсийн буюу Ази, Номхон далайн орнуудын Аварга шалгаруулах РСНО тэмцээнээс Алт, Мөнгө, Хүрэл медалийг Э.Майбаяр, Э.Мөнхдэлгэрэх, А.Ариунаа, А.Халиунаа, М.Сумьяа, Э.Ганбаатар, Э.Батболд, Х.Цогтбилэг, Э.Тамир, Ц.Мөнхбаяр, Н.Мөнх-Эрдэнэ, Д.Цэнд-Аюуш, Т.Лхаасүрэн, Д.Баттүшиг, Ж.Долгорсүрэн, Г.Зул, О.Эрдэнэбаатар, Б.Элбэгбаяр, М.Мөнхбаатар, Э.Гэрэлтуяа, С.Саранчимэг, Ш.Одончимэг, Б.Бадмаараг, М.Мөнхсүлд, Г.Шижирбат, С.Гантөмөр, Б.Төмөрчөдөр, Г.Нарангарав, Ц.Одгэрэл, Т.Отгонзаяа, М.Мөнхбаясгалан, М.Монголжингоо, Х.Тамир, У.Мандуул, О.Магсаржав нарын тамирчид хүртэж байжээ. Монголын Радио спортын холбоо нь Олон улсын Радио сонирхогчдийн холбооны /International Amateur Radio Union/ албан ёсны гишүүн ба Олон улсын ижил төрлийн холбоодтой тогтмол харилцаа холбоотой ажиллаж байна. Эх сурвалж: “Туулсан замаа эргэн дурсахуй-5 “ номноос Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь, Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар 100 жил: Монголын радио спортын холбооны тухай Read More »

Ажлын хэсгийн гишүүн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт ажиллав

ҮЙЛ ЯВДАЛ Ажлын хэсгийн гишүүн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт ажиллав 2021.08.05 Улсын Их Хурлын даргын 2021 оны 54 дүгээр захирамжаар Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Э.Бат-Амгалан, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар өнөөдөр (2021.08.05) Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт ажиллаж, Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “1111” төв болон “e-Мongolia” төвийн үйл ажиллагаатай танилцав. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн үйлчилгээний хөгжлийг олон байршил дээр олон ажилчид ажилладаг, нэг байршил дээр олон ажилтан ажилладаг, операторын системд орж нэг ажилтан олон байгууллагын үйлчилгээг хүргэдэг, иргэд төрийн бүх үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон үе гэж дөрвөн үе шатанд хувааж үзэж болох юм. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “e-Mongolia” төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системийг хөгжүүлж байгаа бөгөөд өдөрт дунджаар 50-60 мянган хандалт авдаг байна. Иргэд вакцины гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг төрийн 539 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болжээ. УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Төрийн үйл ажиллагааг ил тод, авлигаас ангид, иргэдэд чирэгдэлгүй хүргэхэд цахим шилжилт чухал үүрэг гүйцэтгэнэ. Манай улс дэлхийн бусад улс оронтой өрсөлдөх чадвараа дээшлүүлэх шаардлага үүсэж байна. Технологийн шинэчлэлээс гадна хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийх хэрэгтэй учраас УИХ-ын  Инновац, цахим бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтран Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай болон Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүд дээр ажиллаж байна. Цахим засаглалыг хөгжүүлэхэд мэдээллийн аюулгүй байдал хамгийн чухал байгаа” гэлээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Ажлын хэсгийн гишүүн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт ажиллав Read More »

Өнөөдөр бидний өдөр Холбоочидоо

ҮЙЛ ЯВДАЛ Өнөөдөр бидний өдөр Холбоочидоо 2021.07.19 Монгол Улсынхаа бүхий л салбарт болон иргэдэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээг хүргэхий төлөө шамдан ажиллаж буй Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бүх инженер, программистууд үйлчилгээ болон бусад хэсгийн ажилтан та нартаа түүхт 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. … Тэртээгээс 100 жилийн өмнө яг энэ өдөр 1921 оны 7 дугаар сарын 19 ны Ардын засгийн Газрын 6 дугаар хурлаар … Хоёрдугаар зүйл. Шуудан бичиг цахилгаан мэдээний ерөнхий хороог байгуулахыг хэлэлцээд байгуулахаар болсон тул гүн Цэдэвсүрэн ерөнхийлөн шийтгэх түшмэлд Маслаковыг туслах түшмэлд тус тус томилжээ… Зураг. 1 1921 оны 7 сарын 19 ны Ардын засгийн Газрын 6 –р хурлын материалын хуулбараас …. Зураг. 2 Шуудан бичиг цахилгаан мэдээний ерөнхий хорооныанхны Ерөнхийлөн шийтгэх түшмэл гүн Цэдэвсүрэн Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Өнөөдөр бидний өдөр Холбоочидоо Read More »

COVID-19 ERSDEL системийг 500 мянга орчим хүн ашиглаж, цар тахлаас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж байна

ҮЙЛ ЯВДАЛ COVID-19 ERSDEL системийг 500 мянга орчим хүн ашиглаж, цар тахлаас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж байна 2021.07.19 КОВИД-19 өвчнийг үүсгэгч САРС-КоВ-2 вирүсийн халдвартай тэмцэх, тархалтыг сааруулах гол хэрэгслүүдийн нэг нь таны гарт байгаа ухаалаг утас юм. Та коронавирүст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх “КОВИД-19 ЭРСДЭЛ” системийг суулгаж идэвхжүүлснээр халдварт өртсөн эрсдэлээ цаг алдахгүй мэдэх боломж бүрдэнэ. КОВИД-19 ЭРСДЭЛ системийг өнөөдрийн (2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр) байдлаар нийт 491,520 хүн ашиглаж өөрийгөө хамгаалж байна. Нийтдээ 120,946 хүнд коронавирүст халдвар авсан нь батлагдсан талаар мессеж очсон бол тэдгээр хүмүүсийн ойрын хавьтал болсон 2,926 хүнд өөрийгөө тусгаарлах талаар мэдэгдлийг автоматаар өгчээ. Ингэснээр тэдгээр иргэд өөрсдийгөө тусгаарлаж халдвар цааш тарахаас хамгаалсан байна. КОВИД-19 ЭРСДЭЛ системийг аль болох олон хүн хэрэглэж байж халдварын тархалтыг бууруулахад дэмжлэг болж иргэд хэвийн амьдралдаа шилжихэд нэмэр болох юм. Тиймээс та бусдад КОВИД-19 ЭРСДЭЛ системийн талаар мэдээлэл хуваалцаж халдвараас сэргийлэхэд дэмжлэг үзүүлнэ үү. КОВИД-19 ЭРСДЭЛ систем нь та хэрвээ халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ. “КОВИД-19 ЭРСДЭЛ” систем таны нэр болон бусад хувийн мэдээллийг авахгүй бөгөөд таны мэдээллийг хэзээ ч хэнд ч дамжуулахгүй. “КОВИД-19 ЭРСДЭЛ” систем таны байршлын талаар мэдээлэл цуглуулж хадгалахгүй. Уг систем нь GPS-ийг биш Bluetooth технологийг ашигладаг. “КОВИД-19 ЭРСДЭЛ” систем таны болон хайртай хүмүүсийн тань амь насыг аврахад тусална. Нэмэлт мэдээллийг доорх линкээс авна уу. https://covid19ersdel.e-mongolia.mn/ Түгээмэл асуулт хариулт: Миний шинжилгээний хариу эерэг (КОВИД-19 өвчнийг үүсгэгч САРС-КоВ-2 вирүсийн PCR шинжилгээний хариу) гарч би коронавирүст халдвар авсан нь батлагдсан бол би яаж бусдад анхааруулах вэ? Нэг удаагийн баталгаажуулах 8 оронтой код бүхий холбоосыг улсын онцгой комиссын нэгдсэн мэдээллийн системээс (https://eruul.gerege.mn) шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүст илгээнэ. Хувь хүмүүс энэхүү мессежийг 8 оронтой кодыг шинжилгээний хариу гарснаас 4 цагийн дотор хүлээн авна. Та хүлээн авсан 8 оронтой кодоо КОВИД-19 ЭРСДЭЛ системд аль болох хурдан хуваалцаж таны ойр байсан хүмүүст халдварт өртсөн байж болзошгүйг мэдээлээрэй. Та энэхүү кодыг явуулснаар хэнд ч таны хувийн мэдээлэл болон хаагуур явсан зэрэг бусад хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл очихгүй юм. Энэхүү 8 оронтой кодыг хуваалцсанаар та харин бусад хүмүүсийг цаашид халдвар тараахаас сэргийлж халдварын тархалтыг хумихад чухал хувь нэмэр оруулах юм. Хэрвээ танд 8 оронтой код ирээгүй бол 7777-3773 утсаар холбогдоно уу. САРС-КоВ-2 вирүсийн PCR шинжилгээний хариу эерэг гарсан үед ХӨСҮТ шуурхай удирдлагын багаас тантай утсаар холбогдож зөвөлгөө өгнө. Хэрвээ тантай холбогдоогүй байгаа бол та энд дарж хэрэгтэй мэдээллээ авна уу. (энд дарж – Таны PCR шинжилгээний хариу (КОВИД-19 өвчнийг үүсгэгч САРС-КоВ-2 вирүсийн шинжилгээний хариу) эерэг гарсан бол доорх зөвлөмжийг анхааралтай уншина уу -г холбох). КОВИД-19 ЭРСДЭЛ системээс САРС-КоВ-2 вирүсийн халдварт өртсөн байж болзошгүй эрсдэлийн анхааруулга хүлээн авсан одоо би юу хийх ёстой вэ? Сүүлийн 14 хоногт тантай ойрхон байсан хүмүүсээс хэн нэг нь коронавирүст халдвар авсан болох нь батлагдсан учраас та КОВИД-19 ЭРСДЭЛ системээс САРС-КоВ-2 вирүсийн халдварт өртсөн байж болзошгүй эрсдэлийн анхааруулга мэдээлэл хүлээн авчээ. Та халдвартай хүнтэй 2 метрээс дотогш зайд 15 минутаас дээш хугацаанд ойрхон байсан учир та халдварт өртсөн байж болзошгүй юм. Тиймээс та өөрийгөө өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд хөл хорино уу. Та “Гэрийн Тусгаарлалт”-ийн дэглэмд байх бол дараах зааврыг мөрдөнө: Танд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бол гэрийн тусгаарлалтын дэглэмийг коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан өдрөөс эхлэн 7-10 хоногийн турш мөрдөх ба хяналтын эмчийн шийдвэрээр дуусгавар болгоно. Танд ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн бол шинж тэмдэг илэрсэн өдрөөс эхлэн 10 хоногийн турш мөрдөх ба мөн хамгийн багадаа сүүлийн 3 хоногийн турш халуураагүй зэргийг үндэслэн гэрийн тусгаарлалтын дэглэмийг хяналтын эмчийн шийдвэрээр дуусгавар болгоно. Таныг оношлогдсон өдрөөс эхлэн таны оршин суугаа хаягийн харьяалагдах Өрх, Сум, Тосгоны эмнэлгийн эмч нар хянах ба тантай тогтмол холбоотой байж эмнэлзүйн шинж тэмдэг биеийн байдлыг тань үнэлэх учир та сандрах хэрэггүй ухаалаг тайван байгаарай. Хэрэв танд Амьсгалахад хүндрэлтэй болох, Цээж байнга өвдөлттэй эсвэл дараад байгаа мэт болох, Арьс уруул хумсны өнгө цайрах эсвэл хөхрөх, Нойр хүрэхгүй, нойргүйдэх зэрэг шинж тэмдэг илэрвэл нэн яаралтай харьяа Өрх, Сум, Тосгоны эмнэлгийн эмч рүү залгаарай. Мөн та (КОВИД-19)-ын нэгдсэн лавлах:119, ХӨСҮТ:100,(8008-6829), ЗӨСҮТ: 7028-4393, СЭМҮТ:1800-2000, ЭМЯ: 11-323002 утсаар холбогдож зөвлөгөө авч болох юм. Та гэрээр тусгаарлагдахдаа гэрийнхээ агааржуулалт сайтай өрөөнд гэр бүлийн гишүүдээс тусдаа байрлах ба өрөөний цонхыг тогтмол нээж агааржуулалт хийнэ. Тусдаа өрөөнд байх боломжгүй бол таны ор гэр бүлийн бусад гишүүдийн орноос 1 метрээс доошгүй зайд байрлах ба гэр бүлийн гишүүдтэйгээ зайт харилцааг баримтална. Та аль болох тайван стресстэхгүй байхыг хичээж шаардлагагүй биеийн хүчний ажлаас татгалзаж, маск тогтмол зөв зүүж, гараа тогтмол спиртэн суурьтай гар ариутгагчаар ариутгаж, тогтмол угаах хэрэгтэй. Гараа угаах, Шүдээ угаах, Бие засах зэрэгтээ хянуур байж зөвхөн өөрийн, 1 удаагийн цаасан алчуур салфетка, 00-ын цаас хэрэглэх, 1 удаагийн хэрэглэлүүд боломжгүй бол зөвхөн өөрийн алчуурыг тогтмол хэрэглэх ба тогтмол савандаж угааж байх. Бие зассаны дараа 00-ын тагийг таглаж усаа татах. Таныг гэр бүлийн 1 эрүүл гишүүн асарч сувилах ба бусад гишүүдтэй аль болох ойр зайнаас харьцахгүй байхыг хичээнэ. Гэрээр эмчлэгдэх хугацаанд өдөр бүр, өдөрт 2 удаа биеийн халуунаа үзэн тэмдэглэх, өөрт илрэх шинж тэмдгийг анхааралтай ажиглан тэмдэглэх ба таны тэмдэглэлийг анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч утсаар өдөр бүр холбогдож авна. Та хэрвээ боломжтой бол https://eruul.gerege.mn системээс ирсэн хаягаар орж өөрийн шинж тэмдгийн мэдээллээ өдөр бүр оруулж эрүүл мэндийн салбарын ажилд дэмжлэг үзүүлнэ үү. Ингэж бүртгүүлснээр эрүүл мэндийн ажилтнууд хүндрэх эрсдэл өндөртэй өвчтөнүүдэд илүү цаг зарцуулж ажиллах боломж олгож та цар тахалтай тэмцэх явцад өөрийн хувь нэмрээ оруулж байгаа явдал юм. Илчлэг сайтай, амархан шингэх тэжээллэг хоол иднэ. Өөрийн дураар шаардлагагүй антибиотик, бусад төрлийн эм хэрэглэхгүй байх хэрэгтэй. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

COVID-19 ERSDEL системийг 500 мянга орчим хүн ашиглаж, цар тахлаас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж байна Read More »

ХХМТГ-ын Ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэн “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа

ҮЙЛ ЯВДАЛ ХХМТГ-ын Ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэн “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа 2021.07.09 Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Цахим хөгжлийн газрын Ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэн “Алтан гадас” одонг энгэртээ гялалзууллаа. Тэрбээр хөдөлмөрийн гараагаа 1990 оноос Байгаль орчны яамны Мэдээлэл, тооцооллын төвд электроникийн инженерээр эхэлж, 1998-2001 онуудад Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Мэдээлэл, үйлчилгээний төвд дотоод сүлжээний менежер, 2001-2003 онуудад тус сургуулийн Программ хангамжийн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгчийн үүрэгт албыг хашиж байв. 2001 оноос 2004 он хүртэл Дэд бүтцийн яамны Мэдээлэл, холбооны технологийн бодлого, зохицуулалтын газарт мэдээллийн технологийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. 2004 – 2006 он хүртэл Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газарт мэдээллийн технологийн бодлогын хэрэгжилт, зохицуулалтын хариуцсан мэргэжилтнээр, 2006-2008 онуудад ахлах мэргэжилтнээр тус, тус ажиллаж ирсэн бөгөөд 2008 оны 2 дугаар сараас БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгтэй “Олон улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөтөлбөр”-д хамрагдан, 2010 онд Мэдээллийн технологийн магистр, түүнчлэн 2010-2014 онуудад “Цахилгаан холбооны бүтээмж, үр ашгийн шинжилгээ, үр ашигт гаднын хүчин зүйлийн нөлөөллийг үнэлэх нь” сэдвээр докторын ажлаа хамгаалжээ. Эрдэм шинжилгээний чиглэлээр 2005 онд “Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” бүтээл, “Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбар” цагаан ном, 2012 онд Тайланд улсад зохион байгуулагдсан Олон улсын цахилгаан холбооны нийгэмлэг (ITS) – ийн эрдэм шинжилгээний 19 дүгээр хуралд “Монголын үүрэн холбооны салбарын бүтээмж, үр ашигийн өөрчлөлт” сэдвээр эрдэм шинжилгээний нийтлэл, IEEE South Africa Section-ээс 2013 онд зохион байгуулсан “Их сургуулийн сүлжээний орчин дахь бодит хугацааны хааяагүй видео урсгалын системийн архитектур, Сайн ирээдүйн төлөөх тогтвортой инженерчлэл” сэдэвт судалгааны нийтлэл, Мэдээлэл, харилцаа холбооны Азийн сэтгүүлд 2013 онд “Монголын үүрэн холбооны салбарын хөгжилд бодлогын шинэчлэлийн үзүүлсэн нөлөөг хэмжих нь” сэдэвт эрдэм шинжилгээний нийтлэлийг тус тус нийтлүүлсэн аж. 2014-2015 онуудад Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэст бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн, 2015-2016 онуудад тус газрын Мэдээллийн технологийн хэлтэст цахим засаг, мэдээллийн технологийн эрх зүй, хариуцсан ахлах мэргэжилтнээр, 2016 оны 9 дүгээр сараас өнөөг хүртэл Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Цахим хөгжлийн газрын Цахим засаглал хариуцсан Ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Б.Бадамсүрэнгийн хөдөлмөрийн амжилтыг байгууллага, төр засаг, олон нийтийн байгууллагаас үнэлж 2004 онд Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” алтан медаль, 2005 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын “Жуух бичиг”, 2006 онд Харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойгоор “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан” тэмдэг, мөн онд Их Монгол байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2016 онд Харилцаа холбооны зохицуулах хорооны “Хүндэт жуух бичиг”, 2017 онд “Хөдөлмөрийн хүндэт” медалиар тус, тус шагнаж байв. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ХХМТГ-ын Ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэн “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа Read More »

Үндэсний нөөц дата төвийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө

ҮЙЛ ЯВДАЛ Үндэсний нөөц дата төвийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө 2021.07.08 Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Ухаалах засаг төслийн хүрээнд “Үндэсний нөөц дата төвийг байгуулах, ашиглалтад оруулах” дэд төслийг амжилттай хэрэгжүүллээ. Тус төвийн нээлт тун удахгүй болно. Энэ төслийн хүрээнд хийгдэж батлагдсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг та бүхэнд танилцуулж байна. Ухаалаг засаг төсөл: Байгаль орчны менежментийн төлөвлөгөө МОНГОЛ хувилбарыг ЭНД дарж үзнэ үү. Ухаалаг засаг төсөл: Байгаль орчны менежментийн төлөвлөгөө АНГЛИ хувилбарыг ЭНД дарж үзнэ үү. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Үндэсний нөөц дата төвийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө Read More »

УИХ цахим хөгжлийн багц хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

ҮЙЛ ЯВДАЛ УИХ цахим хөгжлийн багц хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив 2021.07.06 Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өчигдөрийн (2021.07.05) нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар төрийн байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөцийн мэдээллийг ил тод байлгах асуудлыг, Шилэн дансны тухай хуулиар төрийн байгууллагуудын төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, тэдгээртэй холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй байх харилцааг зохицуулсан. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийг хангах тухай хууль нь дээр дурдсан хүрээнд мэдээллийг ил тод, нээлттэй хүргэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч хэрэгжилтийн хувьд учир дутагдалтай буюу хуулийг агуулгын хувьд бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжгүй байна гэсэн дүгнэлтүүд гарсаар байна. Ил тод байх мэдээллийн талаар хангалттай зохицуулалтгүйгээс төрийн байгууллагууд нууцад хамааруулах шаардлагагүй мэдээллийг “албаны нууц”-д хамааруулан тогтоох боломжтой байгаа нь иргэний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон мэдээлэл авах эрх хөндөгдөхөд хүрч байна. Мөн ил тод мэдээллийн болон нээлттэй өгөгдлийн сан бий болгож, улмаар иргэн, хуулийн этгээд төрөөс бий болгосон нээлттэй өгөгдлийг өөрийн бизнес, үйлдвэрлэл, техник технологи, мэдлэгийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээ шинээр бий болгохдоо ашиглах боломжийг нээх шаардлага мэдээллийн технологийн салбарын өнөөгийн хөгжлийн түвшин, дэлхий нийтийн жишиг, хандлагын дагуу урган гарч байна. Төрийн байгууллагад цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа мэдээлэлд суурилан төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд хүртээмжтэй, шуурхай хүргэх, төрийн байгууллагууд хоорондоо цахимаар мэдээлэл солилцох эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага бий болоод байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас төрийн цахим харилцааг хөгжүүлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд тодорхой шийдвэрүүд гаргаж томоохон хөтөлбөр, төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний үр дүнд төрийн байгууллагууд өөр хоорондоо болон иргэн, хуулийн этгээдтэй технологийн тусламжтайгаар, үр ашигтай харилцах, үйлчилгээгээ хүргэх цахим орчны дэд бүтэц, техник, технологийн суурь, дундын нөөцийг алхам алхмаар бүрдүүлж байна. Цахим орчны дэд бүтэц, техник, технологийн суурь, дундын нөөц бүрдэж буй энэ үед төрийн байгууллагууд харилцан уялдаатай ажиллаж, үүндээ тулгуурлан аливаа этгээдэд мэдээлэл, үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх, өөр хоорондоо мэдээлэл дамжуулах, хүн бүр хуулийн хүрээнд мэдээлэл эрэх хайх, олж авах орчин бүрдүүлэхтэй холбогдох харилцааг хуульчлах шаардлагатай үүссэн хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны цахимжилт эрчимжиж, технологи нэвтрүүлэх ажил Засгийн газрын тогтоолоор хэрэгжиж, ахицтай байгаа ч хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн уялдаа сул, мэдээллийн технологийн сонголт, хоорондын нийцэл, санхүү, эдийн засгийн үр ашгийн байдлыг үнэлж, дүгнэх болон мэдээллийн сангийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх ажиллагаа хийгдэхгүй байгаа нь хууль, эрх зүйн орчин дутагдалтай байгаатай холбоотой гэв. Монгол Улсад интернетийн үйлчилгээ 1996 онд, интернет банкны үйлчилгээ 2002 онд тус тус нэвтэрч, төрийн болон бизнесийн олон үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн юм. 2019 оны жилийн эцсийн байдлаар гар утас хэрэглэгчдийн тоо 4,36 сая, түүний дотор ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо 3,1 саяд хүрч, үүрэн холбооны 4 дүгээр үеийн технологи нийт 360 гаруй сум, суурин газруудыг хамраад байгаа нь иргэд, хуулийн этгээдийн зүгээс төрийн үйлчилгээ, мэдээллийг хүндрэл, зардал багатайгаар орон зай, цаг хугацаанаас үл хамааран авах эрэлт, хэрэгцээ үүсгээд байгааг мөн төсөл санаачлагчийн илтгэлд дурдсан юм. Засгийн газрын 2018 оны 259 дүгээр тогтоолоор баталсан цахим хэлбэрээр үзүүлж болох 496 үйлчилгээний 320 нь буюу 64 хувь нь баримт бичиг, лавлагаа, мэдээллийн бүрдэл шаарддаг бөгөөд тус баримт бичиг, лавлагаа, мэдээлэл нь төрийн бусад байгууллагаас олгогддог байна. Мөн төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гардаг цахим баримт бичгийг байгууллагууд хүлээн зөвшөөрөхгүй, шүүх нотлох баримтаар үнэлэхгүй байх зэрэг асуудал гарч байгаа нь иргэдийг ихээхэн бухимдуулж, хуульчдын дунд маргаан дагуулж эргэлзээтэй байдлыг үүсгэж байна. Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд өнөөгийн байдлаар мэдээ, мэдээлэл, мэдээллийн сан, цахим системтэй холбоотой зохицуулалт 154 хуулинд тусгагдсан байна. Эдгээрийн ихэнх нь мэдээллийн сан бүрдүүлэх харилцааг л зохицуулж байгаа ба мэдээлэл, мэдээллийн санг үүсгэх, бүрдүүлэх эрх бүхий этгээд, нэгдсэн бүртгэл хяналтад байх зэрэг бусад харилцаа одоог хүртэл хангалттай зохицуулалтгүй байгаа нь ижил мэдээллийн сан хоёр байгууллага дээр давхардан үүсэх, эдгээр мэдээллийн сан дахь мэдээллүүд зөрөх, улмаар иргэн, хуулийн этгээдэд чирэгдэл үүсгэх талтай. Дээрх хууль зүйн болон практик шаардлага, судалгаа, тайлан, зөвлөмжид тулгуурлан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах зохицуулалтуудыг тусган, хуулийн нэрийг Нийтийн мэдээллийн тухай гэж өөрчлөн төслийг боловсруулсан байна. Нийтийн мэдээлэл буюу төрд байгаа мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилсан бөгөөд хаалттай мэдээлэл гэж төрийн нууц болон хуулиар хаалттай гэж тогтоосон мэдээллийг, хязгаарлалттай мэдээлэл гэж хандах, ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосон бөгөөд хүн, хуулийн этгээдийн зөвшөөрлийн үндсэн дээр хандаж, ашиглаж болох мэдээлэл болон албаны нууцад хамаарах мэдээллийг ойлгохоор тусгажээ. Нээлттэй байх мэдээллийг жагсаалт байдлаар тодорхой тусгахыг зорьж, одоогийн мөрдөж байгаа хуульд заасан нээлттэй, ил тод байлгах мэдээллийг нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн эдийн засаг, бизнесийг дэмжих, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй өгөгдөл бий болгох, түүний нөхцөл, журам, нээлттэй өгөгдлийг төлбөртэй болон төлбөргүйгээр ашиглуулахтай холбоотой зохицуулалтыг тусгажээ. Мэдээлэл хариуцагч нь төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээд, хууль, гэрээний үндсэн дээр төрийн чиг үүргийг гүйцэтгэж байгаа этгээд, олон нийтийн радио, телевиз, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн нам зэрэг байгууллагууд байхаар тусгасан байна. Төрийн үйл ажиллагааг цахимаар явуулах, иргэн, хуулийн этгээдэд цахимаар үйлчилгээ үзүүлэх, төрийн байгууллага хоорондоо болон иргэн, хуулийн этгээдтэй цахимаар харилцахад шаардлагатай нийтийн мэдээллийн дэд бүтэц буюу үндсэн (“Хур” систем) болон дэмжих систем, мөн төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд эдгээр системийг ашиглан иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлж болох талаар, мөн мэдээллийн сүлжээ, мэдээллийн сангийн талаарх зохицуулалтыг тусгасан болохыг Х.Нямбаатар сайд илтгэлдээ танилцууллаа. Дэмжих системийн нэг төрлөөр мэдэгдэл хүргэх системийг бий болгож, иргэн, хуулийн этгээдэд хамаарах хязгаарлалттай мэдээлэлд нь бусад этгээд хандсан бол, түүнчлэн төрийн үйлчилгээ авах шаардлага гарсан бол сануулж, мөн татвар төлөлт, торгох шийтгэлийн төлбөр, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, ард нийтийн санал асуулга, сонгуулийн өдрийн тов зэргийн талаар иргэн, хуулийн этгээдэд тус системээр дамжуулан мэдэгдэл хүргэж байхаар тусгасан байна. Мөн дэмжих системийн нэг төрлөөр иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл, үйлчилгээ хүргэх төрийн үйлчилгээний нэгдсэн систем (“е-mongolia”)-ийг бий болгож, түүнээс олгогдох цахим баримт бичгийн хүчинтэй байдал, баталгаажилтын талаарх зохицуулалтыг тусгасан гэв. Төрийн үйл ажиллагаа цахимжихтай холбоотойгоор төрөөс үйлчилгээ үзүүлэхдээ нийтийн мэдээллийн системээс олж авах, солилцох

УИХ цахим хөгжлийн багц хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив Read More »

Facebook Marketplace цэсийг Монгол Улсад албан ёсоор ашиглах боломжтой боллоо

ҮЙЛ ЯВДАЛ Facebook Marketplace цэсийг Монгол Улсад албан ёсоор ашиглах боломжтой боллоо 2021.07.05 Facebook компани хэрэглэгчдэдээ борлуулалтыг хялбаршуулж, худалдан авалт хийх боломжтой Marketplace цэсийг Монгол Улсад нэвтрүүлж байна. Монголын фэйсбүүк хэрэглэгчид аппликэйшнийхаа Marketplace цэс дээр дарах эсвэл www.facebook.com/marketplace холбоосоор зочлоод л хүссэн ангилал, байршлынхаа дагуу хайлт хийх боломжтой. Энэ талаар Facebook компанийн Хонгконг, Тайван, Монгол болон Төв Азийг хариуцсан олон нийтийн бодлогын газрын дарга Жорж Чен: “Бид Facebook-н Marketplace цэсийг Монгол Улсад нэвтрүүлж байгаадаа баяртай байна. Уг үйл явдал Монголд хурдацтай хөгжиж буй цахим худалдааны зах зээлд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Цахим худалдаа нь Монголын эдийн засгийн цахим шилжилтэд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа ба монголчууд худалдаа наймаа хийхдээ аль хэдийнээ Facebook-г өргөнөөр ашигладаг болсон. Тиймээс бид аюулгүй, хэрэглэхэд хялбар Marketplace цэсийг Монгол Улсад нэвтрүүлж байна” Уг үйл явдлыг тохиолдуулан ХХМТГ-н газрын дарга Б.Болор-Эрдэнэ: Жижиглэн худалдааны ертөнц маш олон сувагтай болж, олон газар худалдаа эрхлэх боломжууд нээгдэж байгаа энэ үед монголчууд Facebook-н Marketplace цэсийг ашиглан борлуулалт хийх мөн худалдан авах маш таатай боломж бүрдэж байна. Худалдан авагчид нь аль хэдийн бүрдсэн зах зээл дээр бүтээгдэхүүнээ улсын хэмжээнд борлуулах нь жижиглэн худалдаа эрхлэгчдэд орлогоо өсгөх боломжийг олгох байна. Тиймээс Фейсбүүк компанид талархал илэрхийлье.” Marketplace-г Монгол Улсад нэвтрүүлэхийн сацуу Facebook компани Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газар болон Faro Foundation Mongolia ТББ-тай хамтран бизнес эрхлэгч болон хувь хүмүүст Facebook Marketplace-г өөрсдийн дижитал маркетинг болон цахим худалдаандаа үр ашигтай ашиглах сургалт ороход хамтарч ажиллах болно. Facebook Marketplace дээр худалдан авалт хийх Facebook Marketplace дээр худалдан авалт хийх нь маш хялбар. Та Facebook-н Marketplace цэс дээр дарах эсвэл www.facebook.com/marketplace холбоосоор нэвтрэхэд л хангалттай. Ингэснээр өөрийн сонирхолд нийцсэн зар руу нэвтрэх болно. Өөрийн байршил, бүтээгдэхүүний ангиллаа тохируулснаар таны сонирхолд нийцсэн зарууд харагдах болно. Мөн хайж байгаа зүйлээ олохын тулд хайлтын хэсгийг ашиглах боломжтой. Өөрт тохирсон зүйлээ хадгалах эсвэл борлуулагчтай шууд мессенжерээр холбогдож болохоос гадна борлуулагчийн Фэйсбүүк хаягаар зочлон тэдний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, хүмүүсийн тэдэнд өгсөн үнэлгээг харж болно. Үүний дараагаар борлуулагч болон худалдан авагч нар төлбөр болон хүргэлтээ хэрхэн хийхээ шийднэ. Marketplace-н талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл https://www.facebook.com/marketplace/learn-more/buying  холбоосоор зочлоорой. Facebook Marketplace дээр боруулалт хийх  Мөн Facebook Marketplace дээр боруулалт хийх нь маш хялбар бөгөөд боруулагч олон нийтэд нээлттэй зар үүсгэж, зарах гэж буй зүйлээ оруулна. Ингэснээр борлуулагч Marketplace дээр зар оруулахад тэдний зар Marketplace, News Feed, Facebook-н хайлтын хэсэг, Facebook групп болон бусад хайлтын систем дээр харагдана. Мөн борлуулагч өөрийн зараа Facebook-н Buy and Sell группт оруулах боломжтой. Зарах бүтээгдэхүүнийхээ зургийг аваад, бүтээгдэхүүний нэр, тайлбар, үнэ зэргээ оруулаад, байршил болон ангиллаа сонгоод л зараа байршуулахад хангалттай. Тухайн байршилд байгаа хүмүүс зарыг харах боломжтой бөгөөд худалдан авахыг хүсвэл борлуулагчтай холбогдоно. Мөн борлуулагч Marketplace болон Facebook Buy and Sell  группт нэгэн зэрэг зараа байршуулах боломжтой. Одоогийн болон өмнөх худалдан авалтынхаа түүхийг “Your items” хэсгээс харах боломжтой. Энэ хэсэгт хүмүүс хадгалсан зар, хямдралтай бүтээгдэхүүн болон худалдан авагчтай хийсэн харилцан яриаг харах боломжтой. Холбоо барих: А. БямбажаргалFaro Foundation Mongolia ТББByambajargal@faro.mn Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Facebook Marketplace цэсийг Монгол Улсад албан ёсоор ашиглах боломжтой боллоо Read More »

АБГББХ: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхээр тогтов

ҮЙЛ ЯВДАЛ АБГББХ: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхээр тогтов 2021.07.01 Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.01) хуралдаан 9 цаг 07 минутад цахимаар эхэлж, хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас өчигдөр /2021.06.30/ өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав. НҮБ-ын төрөлжсөн агентлаг болох Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гишүүн 193 орны хүрээнд гаргадаг кибер аюулгүй байдлын индексийг тухайн улсын хууль эрх зүйн орчин, техникийн хувьд хэрэгжүүлж буй арга хэмжээ, зохион байгуулалтын арга хэмжээ, чадавх бүрдүүлэх, хамтын ажиллагаа гэсэн 5 үндсэн, 25 үзүүлэлтийн хүрээнд гаргадаг аж. Манай улсын хувьд кибер аюулгүй байдлын индексийн гол үзүүлэлт болох хууль эрх зүйн орчин бүрдээгүй, үндэсний кибер халдлага, зөрчлөөс сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх чиг үүрэг бүхий  байгууллага байхгүй, хамтын ажиллагаа дутмаг  зэрэг үндэслэлээр  2017 онд 104 дүгээр байранд, 2018 онд 85 дугаар байранд эрэмбэлэгджээ. Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Хувь хүний мэдээлэл /өгөгдөл/-ийг хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг шинээр боловсруулах, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийг хангах тухай хуулийг шинэчлэн найруулж, Улсын Их Хурлын 2021 оны чуулганаар хэлэлцэн батлуулахаар гаргасан хуваарь, цаг үеийн нөхцөл шаардлага, эрэлт хэрэгцээг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийн зорилт нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ. Хуулийн төсөлд цахим мэдээлэлд хандах, боловсруулах, ашиглах, түгээхэд ашиглагддаг мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, тэдгээрийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдлага зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу үйлдэл үзүүлэх, нөхөн сэргээх замаар кибер аюулгүй байдлыг хангах харилцааг зохицуулахаар тусгасныг хууль санаачлагч онцлов. Орчин үеийн мэдээллийн технологид суурилсан нэгдсэн удирдлага бүхий төхөөрөмжүүдээр тоноглогдсон нийгмийн эрүүл мэнд, амин чухал хэрэгцээг хангах үйлдвэр, байгууламж, обьектууд нь кибер терроризмын гол бай болдгийг харгалзан онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг хуулиар тогтоож, түүний кибер аюулгүй байдлыг хангах тодорхой эрх, үүргүүдийг хуульчлахаар зохицуулсан. Хуулийн төсөлд тусгасан шинэлэг зохицуулалт бүхий харилцаа нь мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх харилцааг хуульчилсан. Учир нь кибер аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь мэдээлэл, түүнийг агуулах мэдээллийн сан, ашиглах боломжийг бүрдүүлэх мэдээллийн систем, хүний нөөц, техник технологийн арга хэмжээ, эдгээрийн харилцан уялдаа холбоог зохицуулсан бодлого, дүрэм журам, төлөвлөгөө, зохион байгуулалтын үйл ажиллагаа болон хөндлөнгийн хараат бус хяналт шалгалтын чиг үүрэг бүхий аудитын үйл ажиллагааг шаарддаг олон улсын жишгийн дагуу энэ харилцааг оруулж ирсэн. Кибер аюулгүй байдлыг хангах нь үндэсний хэмжээнд авч үзэх асуудал бөгөөд төр, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тусгах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянан зохицуулах нэгдсэн удирдлагаар хангах тогтолцоог бэхжүүлж өгсөнд энэ хуулийн ач холбогдол оршино гэж үзэж буйгаа хууль санаачлагч онцоллоо. Хуулийн төсөл нь 5 бүлэг, 25 зүйлтэй бөгөөд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Эрүүгийн хуульд холбогдох өөрчлөлтийг оруулах төслийг хамтад нь боловсруулжээ. Уг хуулийг 2021 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгажээ. Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Энхболд нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан энэ нь цаг үеэ олсон нэн чухал төсөл учраас хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд гишүүдэд сайн судалж үзэх бололцоо олгох, хэлэлцүүлгийн явцад нухацтай хандах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлж байв. Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Япон, Хорват, Унгар, Гүрж, Литви, Латви, Сингапур, Эстони зэрэг улс бие даасан хууль баталж гаргасан байна. Хуулийн төслийг боловсруулахдаа кибер аюулгүй байдлын индексээр дэлхийд тэргүүлж буй БНСУ, ХБНГУ, Япон, Эстон зэрэг улс орнуудын хууль эрх зүйн орныг харьцуулан судалж, өөрийн орны практик нөхцөл байдлыг харгалзан үзсэн гэсэн хариултыг ажлын хэсгээс өгсөн юм. Ингээд санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувийн саналаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

АБГББХ: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхээр тогтов Read More »

Зам, тээвэр, холбооны сайд Р.Сандалхан

ҮЙЛ ЯВДАЛ Зам, тээвэр, холбооны сайд Р.Сандалхан 2021.06.24 Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд салбарын түүхэн замналын талаарх нийтлэлийг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1992 оноос Зам, тээвэр, холбооны болон Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Монгол Улсын гавъяат тээвэрчин Раздакийн Сандалханы тухай нийтэлж байна. Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжиж, өөрчлөлт шинэчлэлт явагдаж байсан тухайн үед Холбооны яамыг татан буулгаж, Зам, тээвэр, холбооны яам нэртэйгээр 1992 онд байгуулсан түүхтэй. Сайдаар нь Р.Сандалханыг 1992 оны 8 дугаар сарын 15-наас томилж байв. Тэрбээр 1943 онд Баян- Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Чекин гэдэг газар төрж, 1952-1962 онд Баян-Өлгий аймгийн арван жилийн 1 дүгээр дунд сургууль, 1962-1967 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг инженер механикчийн мэргэжлээр төгссөн юм. Р.Сандалхан 1967-1969 онд Улаанбаатар хотын авто тээврийн 5 дугаар баазад засварчин, механик, үйлдвэрийн инженер, 1972-1979 онд шинээр байгуулагдсан Налайхын XIV баазын ерөнхий инженерээр хоёр жил ажилласны дараа баазын дарга болж байв. Түүнээс хойш тээврийн салбарын шинээр байгуулагдсан томоохон албан газар ажиллаж, 1982-1985 онд ЗХУ-ын тусламжаар байгуулагдсан Авто комбинатын засварын станцад дарга, 1985-1989 онд Хот хоорондын Авто тээврийн удирдах ерөнхий газрын дарга, 1989-1990 онд Зам, тээврийн яаманд хэлтсийн дарга, 1990-1992 онд Зам тээврийн яамны харьяа Тээврийн ерөнхий газрын дэд дарга, 1992 онд Зам тээвэр, холбооны сайд, 1994 онд Дэд бүтцийн хөгжлийн сайдаар томилогджээ. Хоёр жил сайдын алба хашиж байгаад 1996, 2000, 2004 оны УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон Р.Сандалхан гуай энэ тухай өгүүлэхдээ “Түмэн олныхоо итгэлийг алдалгүй ажилласны үр дүн юм даа. Хэрэв худалч, хулгайч нөхөр байсан бол юу гэж намайг Баян-Өлгийнхөн гурван удаа Их хуралд суулгахав дээ” гэжээ. ( Өдрийн сонин 2015.03.22) Дэд бүтцийн хөгжлийн яам нь түлш, эрчим хүч, тээвэр, холбоо, барилга, хот байгуулалт, аялал жуулчлалын салбарыг нэгтгэсэн төрийн захиргааны төв байгууллага байсан. Р.Сандалхан сайд харилцаа холбооны салбарыг удирдан ажилласан хугацаандаа салбарын мэргэжлийн боловсон хүчнүүдийн санаа бодол, үйл ажиллагаанд тулгуурлан, цахилгаан холбооны салбарыг хувьчлах анхны алхмыг хийж, Монгол шуудан компанийг үүсгэн байгуулж, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийг УИХ-аар батлуулан, салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1995 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 211 тоот тушаалаар Харилцаа холбооны зохицуулах зөвлөлийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, үйл ажиллагаа явуулах түр дүрмийг баталжээ. Харилцаа холбооны салбарт либеральчлал нэвтрүүлж, үүрэн телефон холбооны үйлчилгээг нэвтрүүлсэн нь харилцаа холбооны салбарын өнөөгийн хөгжлийн үндэс суурийг тавилцсан гавъяатай нэгэн билээ. Р.Сандалхан сайд “Монгол Улс зах зээлд шилжих үеийн (1992-1996 он) хүнд бэрхшээлтэй ажлуудыг амжилттай хэрэгжүүлж, харилцаа холбооны хөгжлийн өндөр төвшинд хүргэхэд тухайн жилүүдэд хамт ажиллаж байсан холбооны салбарын өндөр мэдлэг боловсролтой, зохион байгуулах чадвартай туршлагатай олон хамтран зүтгэгч Б.Сүхбаатар, Н.Төмөрхүү, Д.Төгсөө, Г.Баттөр нартаа сэтгэл хангалуун баярлаж явдаг. 1992 онд ДБХ-ийн яамыг зохион байгуулахад олон салбарын үйл ажиллагааг шилжилтийн үед зохицуулахад амаргүй байсан. Холбооны салбарын ажлыг мэргэжилтэн нарын санал бодлыг голдуу хүндэтгэн шийдвэрлэдэг байлаа. Харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх, зах зээлд шилжүүлэх ажлыг мэргэжлийн алба хаагчдын хамт улам эрчимжүүлж, цахилгаан холбоог хувьчлах, шуудангийн салбарыг бие даасан төрийн өмчит компани болгон хөгжүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж, шуудангийн салбарын удирдлагыг нилээн өрсөлдөөн дунд томилсон бөгөөд ажилд томилогдсон хүмүүс бидний итгэл найдварыг амжилттай биелүүлж, шуудангийн салбар өнөөгийн төвшинд хүрсэн гэж үздэг” хэмээн дурсжээ. Р.Сандалханы хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Ардын хувьсгалын болон ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнажээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он “Харилцаа холбооны зохицуулах байгууллага түүхэн замнал” Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Зам, тээвэр, холбооны сайд Р.Сандалхан Read More »