Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Ажлын хэсгийн гишүүн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт ажиллав

2021.08.05

Улсын Их Хурлын даргын 2021 оны 54 дүгээр захирамжаар Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Э.Бат-Амгалан, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар өнөөдөр (2021.08.05) Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт ажиллаж, Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “1111” төв болон “e-Мongolia” төвийн үйл ажиллагаатай танилцав.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн үйлчилгээний хөгжлийг олон байршил дээр олон ажилчид ажилладаг, нэг байршил дээр олон ажилтан ажилладаг, операторын системд орж нэг ажилтан олон байгууллагын үйлчилгээг хүргэдэг, иргэд төрийн бүх үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон үе гэж дөрвөн үе шатанд хувааж үзэж болох юм.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “e-Mongolia” төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системийг хөгжүүлж байгаа бөгөөд өдөрт дунджаар 50-60 мянган хандалт авдаг байна. Иргэд вакцины гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг төрийн 539 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болжээ.

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Төрийн үйл ажиллагааг ил тод, авлигаас ангид, иргэдэд чирэгдэлгүй хүргэхэд цахим шилжилт чухал үүрэг гүйцэтгэнэ. Манай улс дэлхийн бусад улс оронтой өрсөлдөх чадвараа дээшлүүлэх шаардлага үүсэж байна. Технологийн шинэчлэлээс гадна хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийх хэрэгтэй учраас УИХ-ын  Инновац, цахим бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтран Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай болон Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүд дээр ажиллаж байна. Цахим засаглалыг хөгжүүлэхэд мэдээллийн аюулгүй байдал хамгийн чухал байгаа” гэлээ.

Other news

Аймгуудын цахим шилжилтийн хэрэгжилтийн үнэлгээг 6 индекс, 66 асуулгаар дүгнэхэд Баян-өлгий аймаг 17-д эрэмбэлэгдсэн

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон талт, цогц арга хэмжээг хэрэгжүүлэх ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн удирдлагуудтай уулзаж, “Цахимд хэвшье” цахим хөгжлийн өдөрлөгийн үр дүнг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Баян-Өлгий аймаг 109.899 хүн амтай. 13 сум, 86 баг байдгаас 14 баг 4G сүлжээнд, 60 баг 3G сүлжээнд холбогдсон. Бүх сумд шилэн кабельд холбогдсон. Эдийн засгийн тэргүүлэх салбар аялал жуулчлал, хөдөө аж ахуй, гадаад, дотоод худалдаа. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д 52 үйлчилгээг холбосон. Дөрвөн байршилд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг үйл ажиллагаагаа иргэдэд хаанаас ч ойр хүргэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 45.071 иргэн буюу 60,9% нь тоон гарын үсэгтэй болсон байна.

Монгол Улсыг дижитал эдийн засагт шилжүүлэхэд ЕСБХБ-тай хамтран ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ Монгол Улсыг дижитал эдийн засагт шилжүүлэхэд ЕСБХБ-тай хамтран ажиллана 2022.05.26 Цахим хөгжил, харилцаа холбооны яам Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг төлөөлж, Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Европын сэргээн босголт хөгжлийн банкыг төлөөлж, Бодлого, түншлэлийн асуудал хариуцсан Дэд Ерөнхийлөгч Марк Боуман нар гарын үсэг зурсан юм. Санамж бичиг байгуулагдсанаар талууд Монгол Улсыг дижитал эдийн засагт шилжүүлэх, улс орны цахим өрсөлдөх чадварыг сайжруулах үйл ажиллаганд хамтран ажиллах юм. Мөн дижитал эдийн засгийг бий болгоход тулгарч буй бэрхшээл, боломжуудыг тодорхойлох, дижитал дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэчлэх, түүнд шаардлагатай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг судалж, хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагааг хамтарч судлах, хувийн бизнес, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн дижитал шилжилтийг дэмжих, хувийн хэвшлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх дижитал шилжилтийг хурдасгахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд тус, тус хамтран ажиллах юм. Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь 2021 оны 11 дүгээр сард эдийн засгийн цахим шилжилтийг дэмжих анхны бодлогоо тодорхойлсон бөгөөд хөрөнгө оруулалт, бодлогын оролцоо, зөвлөх үйлчилгээ зэрэг нь цахим шилжилтийг хурдасгах чухал арга замууд гэж үзсэн аж. Уг бодлогын дагуу тус байгууллага нь (i) дижитал шилжилтийн үндэс суурийг бий болгох; (ii) хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд болон нийтийн үйлчилгээний компаниудын дунд дасан зохицох үйл ажиллагааг дэмжих; (iii) инновац болон зах зээлд шинээр нэвтэрч буй хүмүүсийг дэмжих гэсэн гурван чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институт (KISDI)-ийн зөвлөх багийг хүлээн авч уулзлаа

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар 2023 оны 03 сард БНСУ-д ажлын айлчлал хийх үеэр тус улсын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институтийн ерөнхийлөгч Гвон Ху Елтой уулзаж, хамтын ажиллагааг эхлүүлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд ЦХХХЯ, БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институт (KISDI)-тэй хамтран өргөн нэвтрүүлгийн талаар баримтлах бодлого чиглэл, өнөөгийн байдлыг тодорхойлоход төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Уулзалтын үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, энэ чиглэлээр ажиллаж буй албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд үе шаттай сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, хамтран ажиллаж буй БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институт (KISDI)-ийн зөвлөх баг, БНСУ-ын их сургуулийн профессорууд, KISDI байгууллагын экспертүүдэд талархлаа илэрхийлсэн юм. Уулзалтаар талууд өргөн нэвтрүүлгийн бодлогын зөвлөмжид тусгах санал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдэл болон цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.